Тереза Мэйгийн алдаа ба сонгуулийн ялагдал

2017-06-9 Ертөнц

Британи улс өчигдөр хугацаанаас нь өмнө сонгууль явуулж, өнөөдөр дүн нь гарлаа. Харин парламентыг тарааж, хугацаанаас нь өмнө сонгуульд зарласан зорилгодоо Ерөнхий сайд Тереза Мэй хүрч чадсангүй. Сонгууль зарласнаар улс төрийн дэмжлэгээ зузаатгаж авах гэсэн түүний санаа талаар өнгөрч, Консерватив нам нь өмнөх парламентын үеэс ч цөөн суудалтай болж хоцорлоо. Урьдчилсан дүнгээр бол Консерватив нам 314 суудал авч, өмнөх парламентын үеэр 17 суудал алджээ. Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн нам суудлаа 34-өөр ахиулж, 266 болгож чаджээ. Ингэснээр Консерватив нам шинэ парламентад үнэмлэхүй олонхийг эзэлж чадахгүй нь тодорхой болжээ. Үнэмлэхүй олонх болохын тулд 326 суудал авах ёстой юм. Гэхдээ санал хураалтын эхэн үед Консерватив нам үүнээс ч бага суудал авч, олонх болж чадахгүй нь гэх мэдээ гарч, улмаар фунт стерлингийн ханш хоёр хувиар унасан юм. Британид hung parliament буюу парламентад аль ч нам олонхийг эзэлж чадахгүй  нь гэж эмээж байсантай харьцуулвал Консерватив нам Засгийн газар байгуулах хэмжээний суудал авч чадсан ч Ерөнхий сайд Тереза Мэйгийн хувьд энэ нь бүрэн ялагдал боллоо.

Британи улсыг Европын холбооноос гаргах гэрээ хэлэлцээг хийх хариуцлагатай үед улс төрийн нам хүчнүүд талцаж хуваагдсан байгаа тул сонгууль явуулж бүгд нэг зүг харах хэрэгтэй хэмээн Тереза Мэй сонгууль зарласан. Гэтэл тэр өөрт байсан дэмжлэгээ нэмэгдүүлж чадсангүй, эсрэгээр алдсан нь улс төрийн хувьд том алдаа, маш буруу тооцоолол болжээ гэж ажиглагчид үзэж байна. Улс төрийн хувьд ийм харалган алхам хийсний хувьд түүнийг огцрох ёстой гэж сөрөг хүчний намын төлөөллүүд аль хэдийнэ шаардаад эхэллээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.