Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газруудын удирдлагад үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, тодорхой асуудлаас шалтгаалан ашиглалтад ороогүй Улаанбаатар хотын бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын барилгын явцтай танилцаж, тус барилгын эхний хэсгийг 3 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах, Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагатай хамтран ашиглах зорилгоор зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх, манай улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуу 4С зэрэглэлийн олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлыг) 4С ангилалд хамруулах үүрэг өглөө.
Мөн орон нутгийн нислэгийг хөгжүүлэх, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчтэй хамтарч ажиллах бодлого боловсруулж ЗТХЯ-нд танилцуулах, аймгуудын нисэх онгоцны буудлыг хөгжүүлэх төлөвлөгөө гарган яамтай зөвлөлдөх, МИАТ ТӨХК болон хувийн хэвшлийн компанийг ачаа, тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах, үүнийг төрөөс бодлогоор яаж дэмжихийг судалж бодлогоо тодорхойлох зэрэг даалгавар өгсөн юм.
УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийг сайд албан ёсоор ИНЕГ-ын удирдлага, мэргэжлийн холбоодод гардуулж өгөв. Энэ хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар өгөөжтэй тухай ярилцлаа. Агаарын тээврийн сэлбэг, эд ангийг татвараас чөлөөлснөөр тодорхой хугацааны дараа тийзний үнэ зохих хэмжээгээр багасах ёстойг ЗТХ-ийн сайд онцолсныг тус яам мэдээлжээ.
Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр “Агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. МИАТ ТӨХК-ас бусад компани төрөөс дэмжлэг авдаггүй. Элэгдэл тооцох асуудлыг олон улсын түвшинд буюу 15 хувьд хүргэж өгөхийн хуульчлах хэрэгтэй. Ингэвэл агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сонирхол бий болно. Хөшигийн хөндийн нисэх буудалд олон улсын жишиг үнийн түвшинд үнэ тариф гаргах хэрэгтэй. Мөн хүний нөөцийн бодлого үгүйлэгдэж байна. Англи хэлний ахисан түвшний мэдлэг шаардахаар зарим туршлагатай хүн нь ажиллах чадамжгүй болчихдог. Үүнийг үе шаттай шийдэхгүй бол чадварлаг хүний нөөцгүй болох магадлалтайг анхаарна уу” гэв.
Буянт-Ухаа нисэх буудал одоогоор ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 7 дугаар сарын 4-нөөс он дуустал нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлджээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.