Манжийн эзэнт гүрнийг үндэслэгч Абахайн 1636 онд буулгасан зарлигийн дагуу бол “Да Чин гүрэн мөхсөн тохиолдолд та нар (монголчууд) өмнөх өөрийн хууль цаазын дагуу оршин байх болно” гэсэн нь учиртай ажээ[1]. Үүнийг орчин цагийн хэлээр буулгах юм бол монголчууд Манж Чин гүрэнтэй эвслээр холбогдсон ба Эзэнт гүрэн оршин тогтнож байгаа цагт түүний бүрэлдэхүүнд багтаж байх болно гэсэн аж[2].
Манж нар бүх хятадыг захиргаандаа орууллаа ч гэсэн хэзээ нэг цагт хүн олонтой хятадуудад хөөгдөн гарна гэдгийг Юань гүрний түүхээс Абахай төсөөлж байлаа. Мөнхийн хүчирхэг гүрэн байдаггүйг тэр сайн мэднэ. Абахай ид хүчирхэгжиж байх үе болох 1636 онд Манжийн хааны зарлиг гэдгийг гаргажээ. Тэрээр зүрчин үндэстний нэрийг манж, Алтан улсын нэрийг Манж Чин болгон өөрчилж, энэхүү шинээр нэрлэгдсэн улсад Дотоод Монгол нь Манжид нэгдсэн үйл явцыг баталгаажуулжээ. Уг зарлигт манж ба монгол гэсэн хоёр субъектын хоорондын хамаарал хийгээд хожим гарах үр дагаварыг тооцон, манж-монголын нэгдэл нь цаг хугацааны асуудал болохыг тодорхой илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Манж Чин гүрэн хэзээ нэг цагт задрахад манж монголын хамаарал үгүй болж, тус тусдаа бие даан анх байсан байдалдаа эргэж орох үндэслэл болно гэдгийг тодорхойлжээ.[3] Энэ бол монголчууд зөвхөн манжийн Чин гүрэнд харъяалагдаж байгаа болохоос цагийн явцад өөр үндэстэн Хятадыг эзэгнэхэд тохиролцоо гэрээ хүчин төгөлдөр биш гэсэн амлалт юм. Хааны амлалт бол хууль гэсэн үг.
Хятадыг тусгаар тогтнуулах зорилго бүхий Түнмэнхуй хэмээх нууц байгууллага улам хүрээгээ тэлсээр 1911 оны аравдугаар сарын 10-нд Учуань хотноо бослого гаргалаа. Харь манжийн төрийг устган хөөгөөд өөрийн жинхэнэ хятад төрийг эгүүлэн байгуулах уриатай тэд сар гаруйгийн дараа гэхэд тусгаар бүгд найрамдах улсаа зарлаж, доктор Сун Ятсэн шинэ улсын Ерөнхийлөгч болов. Ийнхүү цаг нь ирлээ. Манж Чин гүрэн унаж хятад үндэстэн харийн дарлалаас чөлөөгдөв. Үүнтэй зэрэгцээд манж нартай эвсэж байсан монголчууд одоо “Да Чин гүрэн мөхсөн учир монголчууд өмнөх өөрийн хууль цаазын дагуу оршин байх болно”.
Ийнхүү ХХ зууны Монголын жинхэнэ түүх монголчуудын өөрсдийнх нь тооллоор XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр албан ёсоор эхэлжээ. Энэ өдөр Чин династийн яг 220 жил үргэлжилсэн хамаарлыг Гадаад Монголд түлхэн унагаж Монгол улс юугаа зарлалаа. Богд Жавзандамба хутагтын VIII дүр хэмээн олон монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвд эр энэ шинэ улсын хаанаар өргөмжлөгдлөө.
Шинэ хаан өргөмжлөгдөхөд цаг тооллыг дахин шинээр тоолж эхэлдэг Хятадын соёлын хүрээний бүх улс оронд байсан заншлын дагуу Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан тэр оныг олноо өргөгдсөний нэгдүгээр он болгон тунхаглав. “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн албан ёсоор өргөмжлөгдсөн Жавзандамбын анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар төр улсыг тунхагласан баярт өдрийг тохиолдуулан алив амьтны амь бүрэлгэхийг цээрлэж, өвгөд хөгшдөд бэлэг таяг, өнчин ядууст хишиг харамж хүртээж, хүнд хөнгөн бүх ялтныг суллаж[4] тавьснаас гадна энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүмүүсийг хөхиүлэн шагнасны дотор Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарын нэрийг хамгийн түрүүн бичээд “тулгар төр байгуулахад онц хүчин зүтгэсэн” хэмээн үнэлсэн нь чухам тэд л шинэ Монголын эрх чөлөөний “эцэг “ байсанд учир оршино. Төрийн дуулал зохиогдсон нь “Зургийн хуар шиг Богд ламыгаа, Зонховын ширээнээ залав аа хөө” гэсэн үгтэй. Энэ өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29 байлаа.
Лигдэн хаанаар дуусгавар болж, тусгаар төр нь мөхөж газрын зургаас арчигдсан Монгол улс ийнхүү дахин гарч ирэх хоорондох хоёр зуунд хүн төрөлхтний иргэншлийн түүх орвонгоороо өөрчлөгдөн, “техникийн дэвшлийн их зуун” хэмээн тухайн үеийнхэн нь үнэлсэн XIX зуун улиран одож түүнээс ч их аугаа өөрчлөлт авч ирэх учиртай XX зуунтай золгосон байлаа. Энэ хооронд Европ гаралтай өрнийн гэгдэх иргэншил дэлхийд ноёлох болсон төдийгүй гарал үүслээсээ үл шалтгаалаад энэ байдал ерөөс хүн төрөлхтний хэмжүүр, шалгуур нэгэнт болчихсон байсан юм. Мэркантилист үзэл бодлоос үүсэлтэй Европын колоничлол XX зууны эх гэхэд бүх дэлхийг хуваан авсан тул өчүүхэн онгорхой үлдсэн сүүлчийн зайнууд руу хүчирхэгүүдийн хоорондох сүүлчийн тэмцэл өрнөж байв. Чухам энэ сүүлчийн зайн нэг нь Гадаад Монголыг өөртөө багтаасан Хятадын Чин династи байжээ.
Энэ хоёр зууны хооронд монголчуудын амьдрал ахуйд онцын өөрчлөлт гараагүй боловч шарын шашны нөлөөгөөр оюуны амьдралд нь эрс хувьсал гарчээ. Хоорондоо арцалдан тэмцэлдэх боловч сэлмийн хүчээр нэгтгэж чадсан хүнээ хүлээн зөвшөөрөөд аян дайнд морддог байсан монголчууд винайн ёсонд захирагдан, нүгэл бүхнийг тэвчихийн тулд бие дээгүүр нь гүйлдэх бөөсийг ч алж зүрхэлдэггүй “ариун явдалтан” болсон ба шашин, төрийг хослох сургаалын дагуу оюуны ба төрийн удирдлагыг нэгтгэн ойлгодог болсон байв. Ийм учраас хоёр зуу гаруй жилийн дараа дахин суларч буй хаан ширээний төлөө монголчуудын оюуны удирдагч Жавзандамбатай өрсөлдөх хэн ч байсангүй. Язгуур хөөвөл Чингисийн алтан ургийнхан Халх 4 аймгийг захирцгааж байсан ба тэдэн дундаа хамгийн ахмад нь болох Түшээт хан Дашням аргагүй энэ суудлын төлөө зүтгэх эрхтэй байж. Түүнээ ч мэдэрсэн хан “Би бол энэ төвд гаралтай Жавзандамбыг бодвол их Чингис богдын угсаатан хан нарын дотроос хамгийн ахмад нь билээ” хэмээн санаархал, дургүйцлээ илэрхийлж байсан авч түүний үгийг тоож сонсох хүн гарсангүй.[5]
Энэ үг их эргэлзээтэй. Амьд Бурхан гэж өргөмжлөгдсөн Богдыг гарал үүслээр нь дуудах зоригтой хүн тэр үед олдох байсан уу? Магадгүй Дашням итгэсэн хүндээ сэм хэлсэн байх, эсвэл хэн нэг нь гүтгэсэн байж болох талтай. Цыдиповын мэдүүлэгт, Богд Жавзандамба нь хаан ширээнд суух хүсэлгүй байсан авч оросууд гуйж түүнийг хаан болгосон гэжээ.[6] Үнэн байх талтай, учир нь Хүрээний язгууртан хар, шар нар хоорондоо тун таарамжгүй, үүнээсээ болоод тусгаар тогтнох бололцоог даруй үгүй хийх мэгадлалтай нь илэрхий байсан. Ийм тохиолдолд тэднийг эвлэрүүлэх, дундыг барьж талцалгүйгээр удирдах ганц боломжит хүн нь Богд. Тэгээд ч тусгаар тогтноход туслахыг хүсэж элч төлөөлөгчөө Орост явуулсан гол санаачлагч нь бас Богд мөн.
Анхдугаар Богд Занабазар нь Чингисийн алтан ураг болох тул түүний хувирсан дүрүүд нь мөн л алтан урагтай шижим холбогдсон хэмээн монголчууд үздэг байв. Жавзандамба ч хааны сууринд суугаад: “Миний бие Монгол улсын хаан эзний суурийг хүлээсэн нь ер тоост ертөнцийн хоосон нэрийг эрмэлзэж олон амьтныг гашуун зовлонд хүргүүлсүгэй хэмээсэн нь бус. Гагцхүү Халхын олон ноёд, лам нар чин үнэн сүсгээр хүчлэн гуйсанд хэрхэвч маргаж үл болох түмэн зүйлийн аргагүйгээс…” хэмээн тайлбарласан байдаг.[7]
Шинээр өөрийн тусгаар тогтнолыг зарласан Монгол улс орчин үеийн жишгээр яам байгуулж, Засгийн газрыг үүсгэж шинэ Засгийн газрын нэрийн өмнөөс Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсад ноот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласан бичигтээ:
Франц, Их Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад явдлын явдлын яамнаа илгээв, мэдтүгэй хэмээн явуулах учир:
Эдүгээ манай улсын засгийн хэрэг шийтгэх газраас хүргэн ирсэн бичигт, эдүгээ манай Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож өөртөө эзэрхэх улс төр байгуулаад Халх Монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаан эзэнд өргөмжлөн шашин, төрийг хослон бариулаад …зэрэг явдлыг эрхэм яамнаас олон улсад зарламуй хэмээн бичиг хүргэн ирвээс, ..мэдтүгэй хэмээн явуулан уламжлан Эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн байцаан үзэж хүлээлгээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгана уу.[8]
Чухам л тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхаглаж хүчирхэг улс гүрнээ хүлээлгэн зөвшөөрүүлсний эцэст л энэхүү тусгаар тогтнолоо хадгалж, үр шимийг нь хүртэж болно гэдгийг тэд мэдэхийн цаагуур мэдэж байлаа. Ерөөс хүлээн зөвшөөрөгдсөн улс орон оршин тогтнож болдог практик Европт үүсээд нэлээд хэдэн зууныг элээсний эцэст XX зуун гэхэд дэлхий нийтийн жишигт тооцогддог болсон байж. Харин энэ хүчирхэгүүдэд Монгол улсыг хүлээн зөвшөөрөхөд 35-75 жил хэрэгтэй гэдгийг Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн тэр үеийн хутагт нар төсөөлөөгүй ба ач гучаар нь дамжсан хэдэн үеийн тэмцэл, драм энэ асуудлыг тойрон үргэлжилсээр Монгол улсын XX зууны түүх бүрэлдүүлнэ чинээ санаагүй биз. Монголчууд мориндоо мордон сэлмээ гялалзуулж ертөнцийн түүхийг өөрийн хүслээр бичиж явсан XIII-XIV зуун тэртээд улиран оджээ. XX зууны эхэнд манай гаригийн хамгийн бөглүү цэгийн нэг болсон Монгол нь хүн амаар өчүүхэн цөөн, эдийн засгийн чадавх, соёл боловсролын хувьд дундад зууны хэмжээнд байснаас гадна геополитикийн хувьд харгалзан хэд хэдэн орны ашиг сонирхлыг хөндөж байсан тул түүхэн үйл явдлыг нь гадаад орчинтой нь холбон тайлбарлахгүй бол дэндүү өрөөсгөл болно. Монгол улсын “эзгүй” байсан хоёр зуу гаруй жилд дэлхийд гарсан улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгэлгээ, техник технологийн их өөрчлөлт хувьсгал эцсийн бүлэгт Чингисийн удмынхан дахин төр улсаа сэргээх бодит нөхцлийг бүрдүүлсэн юм.
[2]Кузьмин С.Л. Теократическая государственность и буддийская церковь в Монголии в начале ХХ века, (Москва; Товарищество научных изданий КМК, 2016). с -23. [Kuzmin S.L. Theocratic statehood and the Buddhist church in Mongolia at the beginning of the twentieth century, (Moscow; KMK Scientific Publishing Association, 2016)]. pp -23.
[3]Полумордвинов М.А. Историческая справка (О.Батсайхан, Тачибана Макото Түүхэн нотолгоо) (Улаанбаатар 2018) х-49-72 [Polumordvinov M.A. Historical inquiry]
[4] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтонолын төлөө тэмцэл, Баримт бичгийн эмхэтгэл (1900-1914) (УБ 1982) х-128-129 [A Collection of documents concerning Mongolian people`s fighting for national independence and freedom in 1911 (1900-1914)]
[5] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, II (Улаанбаатар 1969) х-433. [History of the Mongolian People`s Republc, vol. II]
[6]ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) (Улаанбаатар 2003) х-22
[7] Чойжамц, Д. Гэгээрсэн сэтгэлээс Гэгээрсан амьдрал (Nepko publishing 2016) х-62 [Choijamts, D. From Enlightened mind to Enlightened life]
[8] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл, баримт бичгийн эмхтгэл (1900-1914) (УБ 1982) х-182 [A Collection of documents concerning Mongolian people`s fighting for national independence and freedom in 1911 (1900-1914)]