
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон. Уг хууль 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа.
Хэрвээ жолооч согтуурсан үедээ машин барьсан бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-5 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноох юм.
Гэсэн ч жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа аж. Тодруулбал, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2024 онд 385 бүртгэгдсэн бол 2025 онд 675 бүртгэгдсэн байна. Харин энэ он гарсаар нэгдүгээр улирлын байдлаар 134 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуу болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ. Эдгээр иргэдэд холбогдох хэргийг Тээврийн прокурорын газраас шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Зөрчил гаргасан 134 иргэний 10 хүнд хорих, 80 хүнд торгох, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 25 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдэд дээрх ялыг ногдуулахаас гадна жолоодох эрхийг давхар 1-5 хүртэлх жилээр хасаж шийдвэрлэх юм.
2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 134 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 17 насны хүн 0.7 хувь, 18-30 насны хүн 35.1 хувь, 31-44 насны хүн 43.3 хувь, 45-аас дээш настай хүн 20.9 хувийг эзэлж байх бөгөөд 87.3 хувь нь эрэгтэй байна.
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.