Монголын аялал жуулчлалын 2022-2024 оны зорилго, зорилтуудыг тодорхойлно

2021-12-22 Байгаль орчин

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны  арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн А/379 дүгээр тушаалаар батлагдсан “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”  дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.

Монголын аялал жуулчлалын нөхцөл байдлын шинжилгээг хамтран хийж, 2022-2024 оны зорилго, зорилтуудыг тодорхойлох улмаар стратегийн гол санал, санаачилгуудыг гаргах юм. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ойрын жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын бүс нутагт харьцангуй хурдацтай сэргэх магадлалтай байгааг тэмдэглэж байна. Иймд цар тахлын үед болон цар тахлын дараа шинэ хэвийн байдалд зохицох замаар аялал жуулчлалын салбарыг сэргээх арга замыг бий болгох, 2024 онд эргэн хэвийн байдалдаа орох нөхцөлийг бүрдүүлэх боломжуудыг ажлын хэсгээр хэлэлцэж төлөвлөгөөнд тусгах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.