Хэлэхэд ичмээр, ярихад ярдагламаар, бодоход бухимдмаар, санахад санчиг бууралтмаар юм ч ар араасаа болж байна даа. Түлш л гэхэд ганцхан төрийн компаниас хамааралтай, хэсэг тасалдана, хээрийн гал тойрч бүлээцэнгээ алдаад бүгшүүлж байтал хэн нэгэн дарга нь мэдэгдэл хийнэ. Түлшний нөөц, түгээлт гээд л харамч хүн алга тэнийлгэх мэт хатуухан шийдвэр дуулгана. Хөлдөж үхэх дөхсөн улс хөлд нь сөгдөхөөс наагуур шийдвэр болгоныг нь толгой дохин, чих тавин зөвшөөрнө. Хангамж ирж байгаа гэнэ үү, хахир өвлөөр овоо доо гэж баярлана. За тэгж байтал Боловсролын сайд нь хэдэн настан цэцэрлэгээс мултарсныг сонсгоно. Алга хавсраад л алдрай үрсээ насаар нь ялгуулаад гэртээ цоожтой үлдээнэ. Азын сугалаа гээч юм бүх нийтийн дунд зарлана. Азтай хүүхэд цэцэрлэгт, азгүй нь галгүй гэрт өнжинө. ГХ-ны сайд нар нь хэдэн вагон нарийн ногоо орж ирж байгааг дэлгэцээр зарлана. Нийтээрээ сувгаа солилгүй ангайтал сонсоод алгаа ташин баярлана. Нэг иймэрхүү л хуарангийн амьдралд хуу олноороо шилжээд, түүндээ алгуур боловч дасч байна даа. Зүй нь Засгийн газар одоо л агаарын хилдээ ач холбогдол өгч, ачаа тээврийн онгоцнуудынхаа тоог нэмж, ардынхаа амьдрал, улсынхаа байршлын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх цогц бодлого төлөвлөмөөр байгаа юм. Олон улсын харилцаа, худалдаа наймааныхаа боломж, гарцыг харин ч далимдуулаад нэмээд авдаг цаг шүү дээ. Америк хүртэл нисээд, Монголын тусламжийг тив алгасан хүргээд ирж байсан чадварлаг баг байдаг л юм билээ. Зоригтой, зорилготой нислэгүүд үйлдэж байсан нь хэдхэн сарын өмнөх явдал шүү. Гэтэл одоо яав? Арван вагон нарийн ногоо ирнэ гээд улсаараа баярлаад уйлах нь холгүй сууцгааж байна. Угаасаа манай Засаг болж тоглож байгаа бацаануудын чадвар, сэтгэл хоёр дутна л даа. Ууж идэхдээ уургын морь, урагшилж хөгжихдөө ургаа хад шүү дээ. Өвлийн хүлэмж барих өчнөөн туршлагатай залуус олон бий. Төрөөс дэмжлэг байхгүй, төөрөөд дарамтлах л бодлоготой. Өнөөхөндөө арав хорин вагон ногоо хэрэггүй ээ, өвлийн хүлэмжнүүд барих хэрэгслүүд авчирвал арай илүү баймаар юм аа. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэж үгтэй юмсан даа. За тэр хоногийн настай навч яах вэ, хордлого тайлах эмчилгээний дусал тариануудаа ачуулаач ээ. Таримал ногоогүй хэдэн сар боллоо гээд үхэхгүй, тариа дусалгүй бол үхэх амь л харин олон байна даа.
Нийтлэлч Р.Эмүжин
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.