УИХ-ын чуулган эхэллээ. Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Чуулганы эхэнд Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ дарга П.Дэлгэрнаран танилцуулга хийлээ. Тэрбээр СЕХ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Цагаанхүүгийн Идэрбат /17.264/, Энхбаярын Батшугар /28.537/ нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг тус, тус баталсан. Улмаар Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг олгосон. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4-д заасны дагуу СЕХ-ны шийдвэр, нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байж сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “СЕХ-ны дарга яриагаа “Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлээд дуусгалаа. Гэвч ард түмэн амгалан байхаа болиод удаж байна. Хоосон лоозон ярихаа болих хэрэгтэй. Ардчилсан төр улс гэдэг бол төрийн байгууллагаа шударга бүрдүүлдэг байхыг хэлнэ. Энэ тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Ард түмний ахуй амьдрал доройтож халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан энэ үед шударга сонгууль явагддаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Шударга сонгууль явагдаагүй гэдгийг нотолсон. Бор халзан хонь байсан ч гарж ирэх нь ээ. Хэсгийн хороо бүрд орон тооны хүн ажиллуулдаг болсон. Энэ нь тэр хавийн хүмүүсийг авлигадаж байгаа хэрэг. Тэнд амьдарч байгаа иргэдийн буруу байхгүй. Амьдрал ахуй нь хэцүү байхад 500 мянган төгрөг өгье гэвэл уухайн тас зөвшөөрнө. Мөнгө, тогтолцоо, сүлжээ гурав нь монголд хэрээс хэтэрлээ. “Сонгууль их сайхан шударга боллоо” гээд ярьж байгаа СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ч өөрөө асуудалтай нөхөр. Үүнээс харахад нэг намын дарангуйлал тогтсон. Та нар хэтэрхий их бярдаж байна шүү. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч байна. Та нар хангалттай их юм авсан биз дээ. Үүнээс илүү юу авах гээд байгаа юм бэ. Үлдсэн хоёр суудлыг нь луйвардаж авсан. МАН мөнгө тараадаг. Тэр байтугай өрсөлдөгч намын тамгыг өөрсдийн хүмүүстээ өгч байгаад “алж” байна. Ингэж ардчилалыг мөхөөж болохгүй. МАН-ын хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн. Ажил нь бол явдаггүй.”Баялагтай эзэн монгол” гэж уриалаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон. Гарсан юм уу хулгай луйвар хийж гаргасан юм уу мэдэхгүй. Тэр тэрбум мод ярьдаг юу юм бэ. Оффшорын мөнгөө оруулж ир л дээ. Та нарт ямар хүч дутаад байгаа юм. Би ойлгохгүй байна. Монголын төрийг худалдаж авсан гэдэг үнэнийг би өөрөө үздэггүй юм аа гэхэд миний үр хүүхэд харна” гэсэн юм. Харин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Санал хураалтын ажил хуулийн дагуу явагдсан. Сонгуулийн санал хураалтын явцад хэрэг зөрчлийг цаг тухайд нь цагдаагийн байгууллага шийдвэрлээд явсан” гэдгийг тодрууллаа.
Ийнхүү УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.