Хятадын эдийн засгийн сэргэлт удааширч байна

2021-10-20 Ертөнц
Хятадын эдийн засаг энэ оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар нэмэгдсэн байна. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ бол 2021 оны хувьд хамгийн багаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Харьцуулж үзвэл, өмнөх улирлын эдийн засгийн өсөлт бараг найман хувь байсан аж. Үүнээс дүгнэхэд Хятадын эдийн засгийн цар тахлын дараах сэргэлт огцом удааширч байгаа бололтой.

Эх сурвалжуудын үзэж байгаагаар үүнд сүүлийн үед тохиолдож буй эрчим хүчний хомсдол, цар тахлын тархалт, зарим салбарт үзүүлж буй Бээжингийн дарамт шахалт хамгийн их нөлөөлж байгаа аж.

Нэгэн мэргэжилтний хэлснээр үүнээс цааш энэ удаашрал он дуустал үргэлжилж болзошгүй тул онцгой анхаарал шаардлагатай. Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг ийнхүү удаашрахад сүүлийн саруудад болсон олон үйл явдал нөлөөлсөн юм.

ШАЛТГААНУУД

Нэн тэргүүнд, Хятадын хойд нутгуудад нүүрлэсэн эрчим хүчний хомсдол эдийн засаг удаашрахад хамгийн их нөлөөлжээ. Түүнчлэн олон улсын барааны үнэ эрс нэмэгдсэн нь түүхий эдийн үнэд хүртэл нөлөөлсөн байна.

Түүнээс гадна Бээжин 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй болох зорилтынхоо хүрээнд орон нутгийн засаг захиргаадад хүлэмжийн хийг багасгах үүрэг чиглэл өгөн, түүнийгээ биелүүлэхийн тулд хяналт, дарамтаа чангатгасан билээ.

Ялангуяа сүүлийн хэдэн сар хэд хэдэн муж эрчим хүчний хомсдолд орж, айл өрхүүд тоггүй болсноос гадна олон үйлдвэр хаагдсан.

Ингэж эрчим хүч хомсдоход дотоодын хамгийн том нүүрс олборлогч Шанши мужид нүүрлэсэн үер нөлөөлсөн аж. Тус муж Хятадын нийт нүүрсний 30 орчим хувийг олборлодог авч үерээс болоод үйл ажиллагаа нь доголдоод буй.

Удаан үргэлжилсэн ширүүн бороо нүүрс олборлолтыг удаашруулж, нүүрсний үнийг хэзээ ч байгаагүйгээр нэмсэн юм.

Улмаар эрчим хүч хамгийн ихээр хэрэглэдэг цементний үйлдвэр, ган, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Иймд 25 жилийн өмнөөс тооцож эхэлсэн түүхэнд дээрх бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ хэзээ ч байгаагүйгээр өссөн аж.

Энэ талаар Хятадын эдийн засаг судлаач Жулиан Иванс Притчард “Үйлдвэрлэлд нүүрлэсэн хүндрэлүүд цаашид илүү гүнзгийрэх хандлагатай байна. Мөн нүүрсний үнэ тогтмол өссөөр байгаа нь санаа зовоож байна” гэж ярьжээ.

Түүнээс гадна сүүлийн үед Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар өрний асуудлаас болж уналтанд орж таарсан нь ноцтой асуудал болж байна.жишээлбэл, “Evergrande” групп нийт 300 тэрбум ам.долларын өрөө төлөхөд хүндрэл үүсчээ.

Мөн үл хөдлөх хөрөнгийн “Fantasia” компани дээрхтэй ижил асуудалд ороход тун ойрхон ирээд буй. Энэ талаар ажиглагч Юэ Сү “Үл хөдлөх хөрөнгийн салбар удааширч байгаа нь цаашид барилга, барилгын материал, дотор засал гэх мэт бусад салбарууддаа хүнд нөлөөлнө” гэжээ.

Сингапурын “United Overseas” банкны эдийн засагч Воэй Чен Хо “Эрчим хүчний хомсдол, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэрэг асуудлаас харахад банк Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийг тун багаар бүртгэж авах хандлагатай байна. Одоогийн үзүүлэлтүүд бидний төсөөлж байснаас ч муу байгаа нь тоолгүй орхиж болохгүй ноцтой асуудал. Түүнээс гадна энэ хомсдол, хямрал цаашид ч үргэлжилж, үр дагавар нь арилахгүй байхаас шалтгаалан Хятадын эдийн засаг дөрөвдүгээр улиралд ч гэсэн удааширсан үр дүн харуулах бололтой” гэжээ.

Мөн Ши Жиньпиний бодлого сүүлийн үед технологийн компаниуд, цахим тоглоом, боловсролын салбар, Хятадын хамгийн чинээлэг компаниудад дарамт учруулж буй. Түүнчлэн засгийн газраас танилцуулсан таван жилийн төлөвлөгөөг харвал энэ нөхцөл байдал цаашид хэдэн жилээр үргэлжилж болзошгүй юм.

Эх сурвалж: BBC

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.