960 оюутан хүлээн авах боломжтой Архангай аймаг дахь Багшийн сургуульд 457 оюутантай байна

2021-10-18 Боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС, МУБИС, СУИС, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд ажиллалаа. Архангай аймаг дахь Багшийн сургууль 2021-2022 оны хичээлийн жилд нийт 34 багш, 37 ажилтантайгаар 457 оюутанд боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Энэ хичээлийн жилд 102 оюутан шинээр элсжээ.
Жил ирэх бүр энэ тоо буурч байгаад анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тус сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал 960 оюутан хүлээн авах боломжтой. БШУ-ы дэд сайд тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ 50 хувийн ашиглалтыг 100 хувь болгохын тулд гадаад харилцаагаа сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Сургуулийн хувьд анги танхим, хүний нөөц байгаа ч оюутнуудыг татах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, бусад сургуулиас ялгарах өөрсдийн давуу талыг бий болгох хэрэгтэйг ч санууллаа.
Багшийн их сургуульд 17 аймгаас оюутан ирж суралцдаг​. Нийт 480 ортой оюутны дотуур байртай. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн тухайд сүүлийн гурван жилийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Нөгөөтэйгүүр ажил олгогчдын сэтгэл ханамж 80 гаруй хувьтай байдаг аж. Орон нутгийн их, дээд сургуулийг төрөөс дэмжих бодлогын хүрээнд орон нутагт суралцаж буй оюутан, багш нарын тэтгэлэг, нийгмийн баталгаа, тэтгэмжид анхаарал хандуулж байна.
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль:
-Гадаад багш нараар англи, орос хэл, цаашлаад байгалийн ухааны хичээл заалгах
-Төрийн албан хаагчдыг бэлтгэх богино хугацааны хөтөлбөр гаргах
-Төрийн өмчийн их сургуулиудтай хамтарч 1+1, 2+2 хөтөлбөрүүдтэй болох
-СУИС-тай хамтран сумын соёлын ажилтнуудыг багшаар бэлтгэн хөрвүүлэх сургалтад хамруулах
Оюутан залуусын суралцах орчин нөхцөл, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж сургуулиа бүрэн хүчин чадлаар нь ашиглах хэрэгтэй гэдгийг БШУ-ы дэд сайд онцоллоо. МУБИС-ийн 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус сургуулийнханд баяр хүргэж, БШУ-ы сайдын мэндчилгээг уламжиллаа. Мөн дэд сайд ТУЗ-ийн хүрээнд тус сургуульд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
 Эх сурвалж: БШУЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.