Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA)-г тойрсон засаглал, шүүлт, авлигын асуудлын улмаас ОУОХ тус холбоог өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардаж буй. Үүний хүрээнд ОУОХ-ноос AIBA-гийн ерөнхийлөгч Умар Кремлевт хандан албан бичиг илгээсэн байна. Энэхүү албан бичигт ОУОХ-ноос томилсон Боксын ажлын хэсгийн саналууд хэрэгжихгүй байгааг дурдаж, шүүлтийг шударга явуулж, оноог ил харагддаг болгох тал дээр ямар нэг ахиц дэвшил гарахыг хүлээж буйгаа илэрхийлжээ. Албан бичгийг орчуулан хүргэе.
Эрхэм хүндэт Кремлев,
“Токио-2020” олимпын наадмын дараа ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, ОУОХ-ны Тусгай хяналтын хорооны дарга эрхэм Ненад Лаловичийн тайланг сонслоо.
2021 оны есдүгээр сарын 7-нд хүлээн авсан захиа болон хавсралттай танилцсан болно. Хяналтын хороо дараах гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажилласан байна.
Засаглал
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2016 оны зургадугаар сараас эхлэн AIBA-гийн Ёс зүй, сахилгын хороо байгуулах зэрэг шинэ дүрэм журам баталсныг анхааралдаа авсан. Энэ нь сайн засаглалыг бий болгоход ахиц авчирсан болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Гэсэн хэдий ч сайн засаглалыг зөвхөн AIBA болон хараат бус шинжээчдын тайланд дурдсан дүрэм журмаар үнэлэх бус, сайн засаглалын зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал юм.
Жишээлбэл, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, AIBA-гийн Сонгуулийн хороо нь 2020 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар эргэлзээтэй байсныг мэдэж байсан.
ОУОХ-ны мэдэж байгаагаар AIBA-гийн сонгуулийн хороо үүнийг анхаарч үзээгүй. Тиймээс ОУОХ-ны зүгээс дэлгэрэнгүй мэдээллийг, ялангуяа AIBA-гийн Сонгуулийн хорооны хэлэлцүүлгийг хүлээн авахдаа таатай байх болно.
Үүний нэгэн адил сонгогдсон гишүүдийн дунд AIBA-гийн засаглалын өөрчлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлах баг алга гэж ойлгож байна. Тиймээс ОУОХ-ны удирдлага AIBA-гийн шинэчлэгдсэн хуваарь, тухайлбал, Захирлуудын зөвлөлийн сонгуулийн тов, сонгогдох эрхийн шалгуур ямар байх талаарх мэдээллийг авахад таатай байх болно.
ОУОХ-ны Удирдах зөвлөл 2021 оны арваннэгдүгээр сард гарах профессор Ханы AIBA-гийн засаглалын талаарх дүгнэлтийн тайлан, мөн 2021 оны арваннэгдүгээр сард гарахаар хүлээгдэж буй профессор Макларений AIBA-гийн үе үеийн ерөнхийлөгчийн захиргааны талаарх дүгнэлт зэрэгтэй танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Тиймээс хоёр тайлангийн дүгнэлтийг бидэнтэй хуваалцвал ОУОХ талархах болно.
Санхүү
2019 оноос хойш үргэлжилж байгаа санхүүгийн асуудлыг дүгнэхийн тулд ОУОХ-ны хараат бус шинжээчийн дүгнэлттэй танилцах шаардлагатай байна. Тиймээс AIBA аль болох хурдан шинжээчийн багийн шаардаж буй бичиг баримтыг хуваалцана гэж найдаж байна.
Шүүгч болон шүүлт
ОУОХ нь профессор Макларений одоогийн болон өмнөх тэмцээнүүдийн шүүлтийн системийн талаарх тайланг хүлээн авахыг тэсэн ядаж хүлээж байна. Бид профессор Макларений эхний тайлан 2021 оны есдүгээр сарын 30 гэхэд гарна гэж ойлгож байгаа.
Нэмж дурдахад, энэ оны эхээр зохиогдсон AIBA-гийн залуучуудын ДАШТ, Азийн АШТ-ий шүүгч, шүүлтийн олон гомдлыг оролцогчид ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн. Тиймээс эдгээр бүх гомдол, түүний эсрэг авсан арга хэмжээнүүдийг профессор Макларений есдүгээр сарын 30-нд гарах тайланд баримтжуулсан гэж найдаж байна.
Эцэст нь, есдүгээр сарын 7-нд хийсэн шүүгч болон шүүлтийн үйл явцын тойм дээр бид ОУОХ-ны Боксын ажлын хэсгийн AIBA-тай хуваалцсан шийдлүүдийг олж харсангүй. Тухайлбал,
-Шүүгчийн сонгон шалгаруулалтын аль ч үе шатыг ганц хүнээр дамжуулахгүй байх зарчим
-Ил тод байдлыг хангах, аливаа заль мэхээс зайлсхийхийн тулд эрх бүхий шүүгчийг санамсаргүй байдлаар сонгох зарчим.
Тиймээс шүүгчийг сонгох үйл явц болон оноог олон нийтэд харуулахтай холбоотой Боксын ажлын хэсгийн дүрмийн ямар элэментийг удахгүй болох AIBA-гийн ДАШТ-д тусгах талаар тодорхой баримтжуулсан бичгийг 2021 оны есдүгээр сарын эцэс гэхэд хүлээн авахад баяртай байх болно.
Хүндэтгэсэн
Кристоф де Кеппер
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ерөнхий захирал
Монголын үндэсний олимпын хороо
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.