Баян орны гэнэтийн гачигдал

2017-06-6 Ертөнц

Дэлхийн хамгийн баян улсуудын нэг Катарт хүнс, өргөн хэрэглээний барааны гэнэтийн гачигдал нүүрлэж болзошгүй байна. Өчигдөр тус улсын дотны түнш Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират болон Египет гэсэн дөрвөн улс дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор хангадаг тус улсад гачигдал нүүрлэж магадгүй гэсэн айдас болгоомжлол иргэдэд төрж, дэлгүүрт урьд хожид байгаагүй их хөл хөдөлгөөн, дугаарлалт үүсчээ. Катарын иргэд болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх гэж тахианы мах, сүү, будаа гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ базаахаар дэлгүүрийг олноороо зорьсноор томоохон супермаркетуудын лангуу дорхноо хоосорч эхэлжээ.

Баруун Азийн нутаг дэвсгэр дэх Катарын хойгт оршдог, газраар зөвхөн Саудын Арабтай хиллэдэг, жижиг боловч эдийн засгийн хувьд хүчирхэг энэ улс  2,6 сая хүн амтай. Гэхдээ үүнээс үндсэн хүн ам буюу Катарын уугуул хүн ам нь 313 мянга, 2,3 сая нь гадаадын оршин суугчид юм. Газрын тос болон байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг тус улс эдийн засгийн хувьд өндөр чадамжтай. Нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд тэргүүлдэг, хүний хөгжлийн үзүүлэлтээр ч дэлхийд манлайлагчдын нэг боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй, хөрш Саудын Арабаар дамжуулан гадаадын орнуудаас импортолж авдаг учраас хоёр улсын дипломат харилцаа тасарснаар худалдаа арилжаа ч тасарч, гачигдал нүүрлэхгүй гэх газаргүй болж байна.

Катарыг террорист байгууллагуудыг дэмжин санхүүжүүлж байна хэмээн буруутгаж, дипомат харилцаагаа таслахдаа Саудын Араб, Бахрей, Эмират зэрэг Булангийн орнууд бүх хилээ хаасан. Гэтэл эдгээр орноос Катар хүнсний хэрэгцээгээ хангадаг. Тиймээс улс төрийн харилцаа, нөхцөл байдал тодорхой болох хүртэл катарчуудын хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал толгой өвтгөх бололтой.

Гэхдээ эрх баригчид олон нийтийн дунд үймээн самуун, үл ойлголцол гарахаас сэргийлэхийн тулд импортын бараа бүтээгдэхүүний  тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдэж байна. Газрын тос, байгалийн хийгээс орж ирэх бэлэн мөнгөний орлого нь байнга эргэлдэж байдаг учраас Катар нэг хэсэгтээ алзахгүй гэж зарим эдийн засагч үзэж байгаа ч энэ байдал удаан үргэлжилвэл эдийн засагт нь нөлөөлөх нь гарцаагүй юм.

 Б.Номун 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.