Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны нутагт 17.6 га газарт шинээр барихаар төлөвлөсөн цэвэрлэх байгууламжийн ажил одоогоор “А”, “Б” биореакторын барилга угсралт 40 хувьтай байна.
Мөн хоёрдугаар тунгаагуур, лаг өтгөрүүлэгч, захиргаа, зам гүүрийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар, үндсэн байгууламжийн ажлыг 2020 оны наймдугаар сард эхлүүлжээ. Нийт төслийн барилга угсралтын ажлын явц 28 хувьтай байна. Төслийн талбайд гадаадын 50, монголын 450 инженер техникийн ажилчин ажиллаж байна.
Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, 5 хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцах аж.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив Монголия” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.
Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтыг 2020-2023 онд дуусган, байгууламжийн туршилт тохируулгыг 1.6 жил хийж гүйцэтгэх аж. Төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц барих юм. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж буй хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөжээ. Бохир усанд механик, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгдэж гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэх аж.
Цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологи хэрэглэхээр сонгожээ. Лагийг мезофил зарчмаар биохий, эрчим хүч, дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм гэж БХБЯ-наас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.