Халдварын хариу арга хэмжээ, эмчилгээ, эмнэл зүй, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо

2021-06-23 Парламент

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.

Энэ асуудлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бөгөөд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооны дарга Б.Баттөмөр Түр хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар товч мэдээллийг гишүүдэд өгөв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр нийт өвчлөлийн тохиолдолд хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна гэлээ.

Одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж буй талаар болон вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв. Мөн хөл хорио тогтоох тухай Эрдэмтдийн зөвлөл санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар Засгийн газар, улсын онцгой комисс дээр яригдаагүй, энэ асуудлаар Засгийн газрын зүгээс шийдвэр гаргана гэлээ. Тэрбээр цаашид албан байгууллагын ажилчдыг 1/3-ээр ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авах нь үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр эмнэлгүүдийн ачаалал ирэх долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна гээд үүнийг өдөрт халдвар авч байгаа хүний тоо эмчлэгдээд, эмнэлгээс гарч буй хүний тооноос их байгаатай холбон тайлбарлахын зэрэгцээ нас баралт долдугаар сарын эхний өдрүүдэд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна гэв. Мөн 10, эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцооллыг танилцууллаа.

Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, П.Анужин.Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, үндэслэл болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин урамшууллыг цаг тухайд нь, үнэн зөв бодож олгох, нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоох байгууллагаас хүсэж буй дэмжлэг, Орхон аймагт “Делта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө. Эрүүл мэндийн сайд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Делта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэсэн хариултуудыг өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан салбарын сайд болон Эрдэмтдийн зөвлөлөөс гишүүдийн асуултад оновчтой бус, дутмаг хариулт өгч буйд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газар иргэдэд мэдээлэл муу өгч байна, нөхцөл байдлын улмаас ямар шийдвэр гаргах талаараа ойлгомжтой, тодорхой мэдээлэл, тайлбар өгч баймаар байна, яах нь ойлгомжгүй байж болохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.