Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр (2017.06.04) өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-ний өдрүүдэд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад оролцож, үг хэлж, мөн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцууллаа. Тэр дундаа Оросын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах сонирхолтой байна гэдгээ онцлон илэрхийлсэн юм.
Монгол, Орос хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн ч хоёр орны худалдааны эргэлт бага байгаа. Тодруулбал, худалдааны эргэлт 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар 335.1 сая ам.доллар болжээ. Иймээс харилцан ашигтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь чухал байна гэдэг дээр талууд нэгдсэн байр суурь барьж буй.
Энэ удаагийн Петербургийн олон улсын чуулга уулзалт нь “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор болж, 12 мянга гаруй хүн оролцлоо. Тэдний 39 нь 26 орноос хүрэлцэн ирсэн сайд нар байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн чуулга уулзалтад оролцсон боломжийг ашиглаж, хэд, хэдэн улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Тухайлбал, Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Модитой уулзсан. Энэ үеэр Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад технологийн сургууль байгуулж өгөх боломжтой тухайгаа онцолсон.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Серби улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Иваци Дачитай уулзах үеэрээ хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг хөндөж ярилцсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзах үеэр эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Энэ хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийлсэн.
Төсөл ажил хэрэг болсон цагт Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс өсөх боломж байгаа аж.
Түүнчлэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн юм.
Дээрх арга хэмжээний үеэр болсон бас нэгэн чухал үйл явдал нь Монгол, Орос улсын хооронд хөдөө аж ахуй, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийн дүнд Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулах, монгол малыг эрүүлжүүлэхэд Орос улс буцалтгүй тусламж олгохоор болсны зэрэгцээ газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох шийдвэрт хүрсэн юм.
Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербугийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ олон ажил амжуулж чадлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ОХУ-ын Петербург хотод ажиллах үед УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар ажилласан юм.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.