Сонгуулийн Ерөнхий хорооны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сонгогчдод саналын хуудасны зургаа авч нийтлэх, сонгуулийн сурталчилгаа дууссан байхад нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцас хэрэглэл өмсөх нь хуулиар хориотой болохыг санууллаа.
Санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөр торгоно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгогчид дараах зүйлийг хориглоно.
Үүнд:
-тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
-тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
-саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
-саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
-аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.