Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2017.06.02/ хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд салбар хороод мэдээлэл хийсэн юм.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар найруулна. Наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна. Мөн наадам зохион байгуулах комиссынхоны төлөвлөж буйгаар наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 4000 хүн оролцох аж.
Хурлын үеэр Шадар сайд “Энэ жилийн наадмын нэг онцлог нь шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. Мөн өдөр Төрийн далбааны өдрийн арга хэмжээ, цэргийн парад болдог учир наадам эхэлсэнтэй адил өдөр болно. Тиймээс баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 20-ны өдөр гэхэд бэлэн болго” гэж Шадар сайд баяр наадам зохион байгуулах комиссынхонд үүрэг болгож, энэхүү өдрийг онцлон сануулав.
Соёлын арга хэмжээний тухайд нийт долоон ажил төлөвлөсөн байна.
Үүнд, баярын нээлт, хаалтын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт, Хүй долоон хутагт соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш концерт, Монголын сайхан орон уран зургийн үзэсгэлэн, Гурван баритон тоглолт, Төрийн хүлээн авалтын үеэр тоглох урлагийн арга хэмжээ гэсэн арга хэмжээнүүд болох аж.
Харин дараах зайлшгүй зардлыг төлөвлөж байгаа гэнэ. Тухайлбал, төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалганы 440 метр талбай эвдэрсэн. Үүнийг 19,8 сая төгрөгөөр засуулахаар болжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн асарт байрладаг 230 сандал хуучирсан тул 27,6 сая төгрөг төсөвлөөд байгаа гэнэ.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрыг эмх цэгцтэй, нэг гарт төвлөрүүлэх журмыг боловсруулсан байна. Ингэхдээ худалдаа, үйлчилгээ эрхлэх эрхийг өмнө нь гурван газар олгодог байсан бол энэ жил ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгох аж. Мөн төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1660 автомашины зогсоолыг баяр наадмын үед ашиглахаар зохих газарт нь хандсан байна. Автомашины зогсоолын тоо өмнөх жилийнхээс буураагүй аж.
Дашрамд дуулгахад, Үндэсний сурын харвааны үзэгчид гурван эгнээ 60 метр, 360 суудалтай болох нь. Бэлтгэл ажил долдугаар сарын 3-нд дуусах аж.
Харин иргэдэд үйлчлэх унааны тухайд, нийслэлийн 82 чиглэлд 654 автобус, зуслангийн чиглэл 5 чиглэлд автобусууд явах аж. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд 3-5 минутын зайтай богино эргэлтийн автобус үйлчлэхээр болжээ.
Одоогийн байдлаар наадмын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн телевиз, ТВ9, Монгол HD шууд дамжуулах хүсэлт гаргажээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.