Цар тахлын улмаас олон улсад худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал буурсан ч Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийнхээ хүрээнд Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ирбис Венчурс компанитай хамтран “Invest in Mongolia-Tokyo 2021” Монгол-Японы бизнес форумыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Энэ жилийн цахим форумын онцлог нь:
Уул уурхайн бус бусад тэргүүлэх салбаруудаас (мэдээлэл технологи, органик бүтээгдэхүүн, ХАА, сэргээгдэх эрчим хүч гэх мэт) төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш чадавхжуулан, сурталчилсан
Хувийн хэвшлийн оролцоог илүү хангаж, өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын ололт, бэрхшээлийг үүрсэн япон, монгол бизнесүүдийг сонгон хэлэлцүүлэг хийснээр
Япон улсаас бодит хөрөнгө оруулалт татсан туршлагыг хуваалцсан
Хөрөнгө оруулалтын орчин үүссэн хүндрэл бэрхшээлийг нээлттэй хэлэлцэж, шинэчлэн сайжруулах тал дээр хийгдэж байгаа цогц төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулсан зэргээрээ онцлог байлаа.
Тухайлбал, Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулсан туршлагаасаа, Японы Марубени корпорациас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулалт татсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Анд глобал компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ хөрөнгө оруулалт татсан амжилтын түүхээсээ, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамгийн анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцын бүтээн байгуулалтуудыг хийсэн Ньюком Группын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон Япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжуудын талаар хэлэлцлээ.
Хөрөнгө оруулалтын цахим буухиа зургаадугаар сард зохион байгуулагдах Сөүл-2021 форумаар үргэлжлэх юм.
Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, панелист, илтгэгчдийн товч мэдээлэл, төслүүдийн товч танилцуулга болон “Invest in Mongolia” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан сар тутмын цахим сэтгүүлийг монгол, япон, англи хэлээр ҮХГ-ын www.japan.investmongolia.gov.mn –ээс үзнэ үү.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.