Боловсролын сайд хэн болох вэ

2017-06-2 Боловсрол

Монгол төрд хариуцлага байх ёстой. Тэр утгаараа хариуцлага алдсан сайдыг ажлаас нь чөлөөлсөнд гүнээ мэхийж байна. Энэхүү асуудал нь зөвхөн салбарын сайдтай холбоотой бус. Дунд шатны дарга нар ч гэсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүнд суртал гаргаж, ард түмнийг бухимдуулдаг, авлигын хэрэгт холбогддог байдлыг таслан зогсооход түүчээ болно гэдэгт найдаж байна. Өөрөөр хэлбэл, бүх байгууллагыг цэгцлэх том бодлогын салхи хөдлөөсэй дөө.

Ямартай ч МАН-ын удирдах зөвлөлөөр боловсролын салбарын удирдлагын асуудлыг ярилцаж, таван хүн дээр цэц хаялцсан мэдээтэй. Түүнчлэн тус яамны дэд сайд Ё.Отгонбаяр мөн АНУ-д ажиллах Элчин сайдаар томилогдоод байгаа.  Цаашлаад Төрийн нарийн бичгийн суудлыг ч сэлгэх тухай асуудал хөвөрч байгааг эх сурвалж мэдээлэв.

Тэгэхээр энэхүү яамны тулах хоёр цэгт хэнбугайг залах нь олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогийн байдлаар сайдын суудалд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Содбилэг болон УИХ-ын гишүүн асан Д.Ганди нарын нэр чих дэлсэх болов.

Эдгээр эрхмээс хамгийн шаанстай, намын удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг хувааж байгаа нь УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн, НАМЭХ-ы Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн О.Содбилэг нарыг нэрлэж байна. Тиймээс энэхүү хоёр эрхмийн талаар тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг төгссөн. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр цолтой. Төрийн албанд тасралтгүй 20 жил ажиллаж байгаа бүсгүй юм.

Түүний нэрийг ёс юм шиг дагадаг сүүдэр бол Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа нилээн болж, бүтэхгүй асуудалд нэр холбогдож байсан тухай юм. Тэрбээр төсвийн олон сая төгрөгийг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илэрсэн хэмээн хэвлэлүүд тухайн үед бичиж байсан. Тиймээс түүнийг ажлаас нь огцруулж байсан удаатай. Харин түүнийг улс төрд МАН-ын дарга М.Энхболд хөтөлж оруулж, энэ хүргэсэн гэх юм билээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Боловсрол өндөртэй. Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жорж тауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. Улмаар 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.

Тэрбээр 2003-2004 онд Гадаад хэргийн яаманд атташе, 2004-2005 онд “Капитрон” банкинд газрын дарга, 2005-2007 онд “НИК” хувьцаат компанийн тэргүүн дэд захирал, 2007-2012 онд “Петровис” ХХК-ийн дэд захирал, 2008-2012 онд “Мон ойл энд газ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. Англи, орос, герман хэлтэй

Сайн эцгийнх нь нэр хүнд түүнд чимэг зүүлт болдог. Сонгуулиар Эрдэнэтчүүд Отгонбилэг агсны хүү шүү дээ гэж сонголтоо хийсэн гэхэд эргэлзэхгүй.

Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагын босгыг алхаж орсон цагаасаа хойш онцгойроогүй ч, нэр хүндээ унагаагүй. Төвийг сахисан байр суурьтай гэхэд болно.

С.Гэрэлсүх

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.