CЕХ-нд МАН, ХҮН материалаа хүлээлгэн өгсөн ч, АН-ынхыг авсангүй

2021-05-5 Мэдээ мэдээлэл

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн шатны сонгуульд МАН, АН, ХҮН-аас нэр дэвшигчдээ тодруулж, нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна.

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь нам хоорондын дотоод маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэж өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт материалаа авчрах хэрэгтэй гэв.

Энэ үеэр хоёр хуваагдаад буй О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “У.Хүрэлсүхээ чи хаан шиг авирлахаа боль. Үндсэн хуулийн цэц хүртэл МАН-ын доор ажилладаг болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ахиж дэвшүүлэхгүй гэж яаж заваарсан бэ. АН өнөөдөр 2 хуваагдаагүй. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга та өнөөдөр ийм юм яриад байж болохгүй. Та хэн болоод намын нэр хүндэд халдаж байна вэ. Дээд шүүхээр С.Эрдэнийн яриад байгаа тамгыг хүчингүй гэж шийдвэрлэсэн. Яагаад намыг 2 хуваагдсан гэж ярьж байна вэ. Би Монгол Улсыг нэг намын дарангуйлал, У.Хүрэлсүхийн дарамтан доор орно гэж зүүдэлсэнгүй. Чи АН-ын нэр дэвшигчийн материалыг буцаах эрхгүй. Та нар ийм юм ярьж байгаа бол ард түмэнд хандана. Материал авахгүй бол эндээс гарахгүй” гэлээ.

Түүнчлэн Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан “Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу ажиллана гэдэгт итгэлтэй байна. МАН хуулийн дагуу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нийт гишүүдийнхээ саналаар тодруулж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болсон. Үндэсний аудитын газар МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт 17 зүйл заалтад өөрчлөлт оруулахыг зөвлөсөн. Энэ дагуу бид засвар хийгээд буцааж хүргүүлсэн байгаа. Манай нам Сонгуулийн ерөнхий хорооны ажилд хүндэтгэлтэй хандах болно. Нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өглөө” гэлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Хуульд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгаж, хүлээлцэх ёстой учир ажлын хэсэг бүрдүүлэлтийг хянаж авна. Ингээд ажлын хэсэг шалгаж дууссаны дараа гарын үсэг зурж баталгаажуулсны дараа яг хүлээж авсанд тооцох болно” гэдгийг онцлов. Ийнхүү энэ удаагийн сонгуульд хүч үзэх улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ материалыг холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.