Харшлаас зугатаагчдын хайрыг татсан “Сүүлхэн”

2018-06-28 Made in Mongolia

 

Төрөөд удаагүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд хүүхдээ салхилуулах гэж нэг том ажил байдаг. Өдөр болгон гадаа нар салхинд суусаар биеийн ил гардаг хэсгүүд хуурайшиж харладаг, бас жирэмснээс үүдэлтэй сэвх нөсөө тодордог гээд гадаа суухаас үүдэлтэй гоо сайхны асуудал багагүй.  Тэдний нэг А.Өнөржаргал гэх бүсгүй яг л ингэж суухдаа нэгэн санаа олсон нь одоо эрхэлж буй бизнесийнх нь үндсийг тавьжээ.  Тэрбээр телевизийн найруулагч мэргэжилтэй жирийн нэг ээж боловч өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болж, фэйсбүүк хуудсаар дамжуулан цөөнгүй хэрэглэгчтэй болжээ. Ингээд энэ удаагийн “Брэндийг бэдрэхүй” булангаараа “Сүүлхэн” гарын саван, ванны бөмбөлгийг танилцуулъя.

-“Сүүлхэн брэнд” нэртэй фэйсбүүк хуудсаар тань орж үзлээ. “Брэнд” гэж зоригтой тодорхойлжээ. Анх бүтээгдэхүүнээ хийх санаа яаж төрөв? Брэнд болно гэдэгт хэр итгэлтэй байна?

-Төрсний дараа нярай хүүхдээ тэврээд гадаа их суудаг байлаа. Нэг мэдсэн харлаж холцруутаад, нүүр гараа үйлдвэрийн савангаар угаахаар бүр их хуурайшаад, яахаа мэдэхгүй байв. Би их харшламтгай арьстай болохоор янз бүрийн химийн найрлагатай тосноос болгоомжилдог. Харин хүүхдийнхээ сүүлний тосыг гарандаа түрхэхээр зөөлрөөд аятайхан байсан. Гэвч сүүлний тос хурц үнэртэй, өдөр тутмын хэрэглээнд тохиромжгүй болохоор саван хийе гэж бодоод эрэл хайгуул хийсэн. Янз бүрийн технологи судалж байгаад хамгийн энгийнийг сонгож авч саван хийж эхэлсэн. Ойр дотнынхон, танилуудад маань таалагдаж, гэр зуураа бага сага захиалга авч хийдэг болсон. Анх энэ оны 2 дугаар сараас хийж эхэлсэн, хоёр сарын дараагаас захиалгаар хийж зарж, өрхийн хэмжээнд жижигхэн бизнестэй боллоо.

-Таны хийж буй саван үйлдвэрийн савангаас юугаараа давуу вэ? Хийх арга, орц найрлагаас сонирхуулаач?

-Үйлдвэрийн савангууд ихэвчлэн хоол хүнсэнд хэрэглэсэн муу тосоор, маш олон тооны химийн бодистой холигдож хийгддэг. Харин гар аргаар хийсэн саван  нь химийн бодисгүй, ахуйн “ажилласан” тосоор биш шинэхэн сайн тосоор хийгддэгээрээ хамаагүй найдвартай. Орчин үед хүмүүс илүү органик бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг болсон. Тийм болохоор “Сүүлхэн” саванг худалдан авдаг хэрэглэдэг хүмүүс маань маш сэтгэл хангалуун байдаг.  Орц найрлагын тухайд, одоогоор монгол хонины сүүлийг өөрөө шаргааж, сүүлний тостой саван болон ванны бөмбөг хийж интернетээр захиалга аван зарж байгаа. Цаашлаад дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаар бэлдэж байна. Ер нь орц  нь их энгийн. Хонины шаргаасан сүүл, нэрмэл ус, оливийн тос тэгээд л боллоо. Нэг ёсондоо 60 хувь нь сүүлэн тос, 40 хувь нь оливийн тос. Ямар ч хаягдал бүтээгдэхүүн ороогүй, цэвэр байгалийн гаралтай болохоор би өөрөө ч дуртай хэрэглэж байгаа.

-“Сүүлхэн”-ийг голдуу ямар хүмүүс авч байна? Савангийн төрлөө өргөжүүлэх үү? Сүүлний тосоор өөр ариун цэврийн ямар бүтээгдэхүүн хийх боломж байна вэ?

-Худалдан авагчдын маань дийлэнх хувь нь ямар нэг харшилтай, эсвэл харшлаас хамгаалах зорилгоор худалдан авдаг. Яагаад гэвэл ямар ч хаягдал тос ашиглаагүй, химийн бодисгүй, бүгдийг нь гар аргаар хийдэг учир хүний биед харшлах юу ч байхгүй. Судалж байхад хүний биед хамгийн сайн шингэдэг тос бол амьтны гаралтай, тэр дундаа малийн гаралтай тос юм байна лээ. Тиймээс л монголчууд эрт дээр үеэс хонины сүүлний тосыг шаргааж хүүхдэдээ хэрэглэдэг байсан байх. Нялх хүүхдийн арьс юунаас ч илүү эмзэг мэдрэмтгий байдаг шүү дээ. Ингээд бодохоор сүүлний тосны гайхамшгийг монголчууд бүгдээрээ мэднэ. Гол нь яг өдөр тутмын хэрэглээ болгоод, өнгө үзэмж, үнэр шингээгээд хэрэглэвэл бид импортын савангаар огт дутахгүй. Оливийн тос ч ялгаагүй хүний биед хамгийн сайн шингэдэг ургамлын гаралтай тос. Одоогоор оливтой, кофетой, сарнайн дэлбээтэй саван хийж байгаа. Сүүтэй саванг туршиж байна, арай бэлэн болоогүй байна. Савангаас гадна ванны бөмбөлөг, биеийн гуужуулагч хийж байгаа.

-“Сүүлхэн” нэрийг яагаад сонгов? Албан ёсоор бүртгэлжүүлсэн үү? Мөн цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

-Би ганц л том зорилготой. Ямар ч нөхцөлд муу бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Гэр бүлдээ зориулж хийдэг шигээ бүх бүтээгдэхүүндээ сэтгэлээ шингээж, чанартай хийсээр байх болно. Цаашид өөрийн нэрийн сүлжээ дэлгүүрүүдтэй болох юмсан гэж мөрөөдөж байгаа. Яг одоо бол үйлдвэрлэл маань жижиг учир хамтарч ажиллах дэлгүүр хайж байна. Цаашдаа өргөжүүлээд үйлдвэрийн байртай, сүлжээ дэлгүүрүүдтэй болох, олон улсад төлөөлөх монгол брэнд болгох гээд мөрөөдөл бол олон л байна. Хийсэн савангаа харахаар яагаад ч юм цаашаа харсан хонь сүүлээ өргөж байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд л “Сүүлхэн” нэр өгчихсөн. Саяхан “Сүүлхэн” нэрдээ патент авахаар Монголын оюуны өмчийн газар өргөдлөө өгсөн байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораториор шалгуулаад  “хүний биед аюулгүй” гэсэн тодорхойлолт аваад байна.

-Төгсгөлд нь бүтээгдэхүүний үнэ, захиалгын хаяг уншигчдад маань хэрэгтэй байх?

-Дөрвөн төрлийн саван тус бүр 8000, ванны бөмбөлөг 5000-аар зарагдаж байгаа. Захиалгаа 99651769 утсаар буюу “Сүүлхэн брэнд” фэйсбүүк хуудсаар өгч болно. Мөн хамтран ажиллах дэлгүүрүүдэд нээлттэй.

Э.АДЪЯА

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.