ОХУ-ын нийслэл Москва хот Зөвлөлтийн үеийн хуучин орон сууцнуудаасаа салах томоохон төлөвлөгөө боловсруулжээ. Москва хотын дахин төлөвлөлтөөр социализмын үед босгосон 4500 орчим орон сууцны барилгыг нурааж, тэнд оршин суудаг 1,6 сая хүнийг шинэ орон сууцанд нүүлгэн шилжүүлэх ажээ.
Гэвч дахин төлөвлөлтийг оршин суугчид тийм ч таатайгаар хүлээн авахгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр хуучин орон сууцанд амьдардаг 3000 шахам иргэн жагсч, дахин төлөвлөлтийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхээр шамдаж буй Москва хотын захирагч Сергей Собяниныг огцрохыг шаардлаа.
Хуучны элэгдэж муудсан орон сууцаа шинэ, орчин үеийн тохиолог байраар солиход оршин суугчид тэгтлээ эсэргүүцэх болсон шалтгаан нь нэгдүгээрт олон арван жил амьдарч дадсан газраа орхихыг хүсээгүйнх. Хоёрдугаарт, Москвад газар, байр, үл хөдлөх хөрөнгө маш өндөр үнэтэй. Байршил сайтай газар орон сууц эзэмшдэг, удаан хугацаагаар амьдарна хэмээн өндөр үнэтэй засвар хийлгэсэн иргэд хотын захиргаанаас хуваарилж өгсөн шинэ байранд орвол хуучин газрынхаа үнэ цэнэтэй дүйцэхгүй байх вий гэж санаа зовж байгаа аж. Нөгөө талаар дахин төлөвлөлтөөр барьсан шинэ байрыг орчин үеийн засал, тохижилттой гэж сурталчилж байгаа ч үнэн хэрэгтээ хуучны байр шиг чанартай биш, орчинд тойронд нь мод, ногоон зүлэг байхгүй зэргээр иргэдэд гологдож буй гэнэ.
Хэдий иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Москва хотын удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлаа шулуухан үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Учир нь, Зөвлөлтийн үеийн орон сууцнуудад одоо иргэдийн хүсэлтээр засвар хийлээ ч 10-20 жилийн дараа гэхэд хүн амьдрах нөхцөлгүй элэгдэж, барилгын нас нь хэтрэх учраас шинэ бодлогыг нь дэмжиж, дахин төлөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурахыг хотын удирдлагууд уриалж байна. Гэрээнд гарын үсэг зурмагц айлуудыг шинэ байранд нь нүүлгэж оруулна гэж амлаж байгаа ч энэ талын хууль эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй, одоо хүртэл батлагдаагүй учраас иргэд эргэлзсэн хэвээр байгаа юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.