Мөнгөний бодлогын хүү бусад хүүгээ чиглүүлж, төрийн зохицуулалт хэлбэрээр зах зээлд оролцдог. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд, санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.
Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.0 хувьтай байжээ. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөх нь.
Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч вирусын тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй. Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийнэ. Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байгаа аж.
2021 оны эхний хоёр сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар нэг, хоёрдугаар саруудад 66 хувь болон 37 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн олон улсын зээлжих зэрэглэлийн “Мүүдис” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулсан. Үүнд Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлжээ.
Төв банкнаас Covid-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж буй юм.
Бодлогын хүү макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляц буюу төгрөгийн худалдан авах чадвараас ихээхэн хамаарч буй. Сүүлийн 3-4 жилийн судалгаанаас харахад, инфляц Монголбанкны зохицуулалтын хүрээнд байгаа билээ.
Инфляц эрэлтийн болон нийлүүлэлтийн шинжтэй. Эрэлтийн шинжтэй инфляц сүүлийн 2-3 жилд 4-5 хувьд тогтвортой байна. Мах, хатуу түлш буюу нүүрс, шатахуун гэх мэт цөөн бараа, бүтээгдэхүүний улирлын шинжтэй нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн инфляц савлах тохиолдол бий. Ийм савлагаа үүсгэхгүй бол инфляц зургаан хувиас доош байна гэсэн тооцоололд үндэслэн Төв банк бодлогын хүүгээ бууруулсан бөгөөд бодлогын хүүг зургаан хувьд барих боломжтой гэж үзсэн билээ.