Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгджээ. Тухайлбал,
Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жилүүдэд зээл олгож байсан туршлагадаа үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.
Тариалангийн үйлдвэрлэлд буюу хаврын тариалалтаас өмнө уринш бэлтгэл, ургац хураалтад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж байгаа. Энэхүү зээлийг мөн өнгөрсөн жилд хөнгөлөлттэй зээл олгож байсан туршлагадаа үндэслэн олгох юм байна. Дээрх хоёр төрлийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх аж.
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийджээ. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгох нь. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.
Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах шаардлагатай юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.