Дэлхийн ноён оргил Эверестэд хүчилтөрөгчийн хулгай үе үе гарах болжээ. Уулчдын түр амрахдаа байрладаг баазуудаас хадгалсан хүчилтөрөгчийг нь үл мэдэгдэх этгээдүүд хулгайлан оддог болжээ. Дэлхийн хамгийн өндөр оргил руу авирах хүсэлтэй, туршлагагүй, бэлтгэлгүй уулчид жил ирэх тусам олширч буйгаас нэгнийхээ амь насанд халтай ийм ёс суртахуунгүй үйлдэл гаргах нь нэмэгдсэн байна. Одоогоор хүчилтөрөгч хулгайлаад газар дээрээ баригдсан тохиолдол байхгүй ч уулчид олон тооны баллоноо алдсан тухай сошиал хуудсаараа бичжээ. Энэ жил Эверестэд 10 хүн нас барснаас хүчилтөрөгчийн дутагдлаар амиа алдсан тохиолдол хараахан гараагүй аж. Гэхдээ дэлхийн хамгийн өндөр цэг дээр хүчилтөрөгч амин чухал хэрэгцээтэй учраас нэг баллоныг ч алдахгүй байвал амь насанд учрах эрсдэл буурна.
Судалгаагаар уулчид Эверест руу авирч, буухдаа дунджаар долоон баллон хүчилтөрөгч хэрэглэдэг байна. Нэг баллон нь 4 литр хий агуулах бөгөөд уулчин өөрийн хэрэгцээнд тохируулан их, багаар ашиглаж болно. Хэрэв хамгийн өндөр тунгаар ашиглалаа гэж бодвол нэг баллон хүчилтөрөгчийг таван цагийн нөөцтэй байдаг аж. Ерөнхийдөө дээш ахих тусам хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгддэг байна. Тиймээс уулчдын хамгийн чухал хэрэглээ болсон хүчилтөрөгчийн хулгайг зогсооход Балбын Засгийн газрын тодорхой зохицуулалт хэрэгтэй болжээ. Гэвч тус улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байсхийгээд солигдож, нэг сайд нь төдий л удаан ажилладаггүйгээс аялал жуулчлалынх нь гол орлогыг бүрдүүлдэг Эверестийн уулчдын аюулгүй байдлыг сайтар харж хамгаалж чадахгүй байгаа аж.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.