Д.Улам-Оргих: Ирэх бямба гаригаас 14 хоног хатуу хөл хорио тогтоох ёстой

2021-02-1 Мэдээ мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй.

Хөл хорио тогтоох амаргүй. Эрдэмтдийн багт 11 хүн ажиллаж байна. 2 нь физикийн хүн бол бусад нь яг судалгааны багийнхан байгаа.

Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болно. Манай улс дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Мөн нас баралтын хувь бага байгаа өнөөдрийн түвшинг хадгалж чадна. Хэрэв хөл хорио тогтоохгүй бол жинхэнэ утгаараа цар тахал болно.

Хөл хориог удаан хугацаагаар тогтоох нь үр дүн багатай. ХӨСҮТ-ийн судлаачид ч ийм байр суурьтай байгаа. Математик аргачлалаар гаргасан судалгаа энэ. Өнөөдөр хөл хорио тогтоож чадвал цар тахлыг барьж авч чадна.

Цаашдаа 7 хоног ажиллаад 7 хоног амраад явах зарчимд шилжмээр байна. Ингэвэл кдастер халдварын эрсдлийг бууруулж чадна. Кластер халдварыг зогсоох арга ч гэж хэлж болно” гэлээ.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүд болон Нийслэлийн онцгой комиссийнхонд коронавирусийн халдварын талаар тодорхой мэдээлэл өгөх хүсэлт гаргасан. Улмаар иргэдэд ч гэсэн энэ мэдээллийг хүргэж, мэдлэгтэй байснаар халдвар хамгааллыг дэглэм мөрдөж, өөрсдийгөө эрсдлээс хамгаалж чадна гэдгийг тодотгосон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.