Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг олон бодлогын нэг нь ажиллагсдадаа чиглэсэн нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрт нэг ба түүнээс дээш жил ажиллаж буй ажилтан, ажилчинд орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 12 сая төгрөг олгож байна. Өнгөрсөн онд 517 ажилтан хамрагдаж, Эрдэнэт үйлдвэр үүнд 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэхдээ оны эхэнд тухайн цехийн нийт ажилтны тооноос хамаарсан квот тогтоож, орон сууцны дэмжлэгийг дөрвөн улиралд хуваан олгосоор ирсэн юм. Өмнө нь орон сууцны дэмжлэг 8 сая төгрөг байсныг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 12 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 2019 оноос уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Орон сууцны дэмжлэг олгох асуудлыг үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн холбоо хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тусламж дэмжлэг олгох” журмаар зохицуулж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл онцлов.
Түүнчлэн ажилтан, ажилчдаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллуулах, улмаар орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр орон сууцны гурван цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” цогцолбор хорооллын барилга байгууламж баригдаж, эхний ээлжийг энэ онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн. Орчин үеийн стандарт, шийдэлтэй уг хороолол ашиглалтад орсноор нийт 1372 айл орон сууцтай болох юм.