ХҮНСНИЙ ТОЛАНЫ ЯАМТАЙ БОЛЖЭЭ…
БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.ЖАРГАЛСАЙХАН өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ.
Монгол Улсад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам гэж байдаг. Тус яамны сайд А.Ариунзаяа зурагтаар гарах болгондоо хэдэн мянган иргэнд хоол хүнс, тэтгэмж тараав гэж ярина. Энэ яриаг удаан сонсох юм бол гутарна. Яасан их ядуурсан, оронгүй, хоол хүнсгүй, дайны байдалд буй Африкийн орнууд шиг санагдана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хичнээн ажлын байр бий болгов, ажилтай иргэдийн тоо гэж гарахгүй. Уг нь эхлээд иргэдээ ажилтай болгоод дараа нь тэр тэтгэмжээ ярьдаг болох хэрэгтэй юм. Ажил хийх бололцоотой хүнийг тэтгэмжийн хүн болгохоор гэртээ сууж байх нь дээр л дээ.
Түлш тараалаа, цахилгаан дулаан үнэгүй болгов, тэтгэвэр, тэтгэмж нэмлээ, хүнсний толан нэмж тараалаа л гэнэ. Тэгэхээр тус яамны нэршлийг бүрэн өөрчилж Хүнсний толаны яам болгомоор санагдана. Ариунзаяа сайд хамгийн сүүлд 122 мянган хүнд хүнсний толан нэмж олгож буйгаа зарлав. Мөн баян сайд шүү.
3.8 мянган иргэнд 33.6 тэрбум төгрөгийг халамжийн сангаас,
44.3 мянган өрхийн 242 мянган иргэнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон,
Зорилтот бүлгийн 32.6 мянган өрхөд хүнсний дэмжлэг, 11.2 мянган өрхөд хүнсний бус дэмжлэг,
Нийслэлийн 10 мянган өрх тус бүрд хоёр сарын хэрэглээг нь хангах сайжруулсан түлш үнэгүй нийлүүлэв,
Гэр оронгүй 420 иргэнийг тусгай төвүүдэд байрлуулан, амьдруулж байна. Мөн гэр хорооллын иргэдийг дулаан өвөлжүүлэхийн тулд сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулж, нэг шуудай нь 950 төгрөгөөр худалдан авч хэрэглэх боломж олгосон.
Дээрх арга хэмжээнээс өмнө Засгийн газар 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлж, насанд хүрсэн 122 мянган хүнд 32 мянга, 118.2 мянган хүүхдэд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог 188 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.