Гамшгаас хамгаалдах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр орон нутгийн 8 чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс зогсоосон.
Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах” түр журмын дагуу www.119.mn хаягаар орон нутгат агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэдийн хүсэлтийг харгалзан, шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж, өнөөдрөөс орон нутгийн тусгай үүргийн нислэгийг 3 чиглэлд эхлүүллээ.
Эхний нислэг Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчиж байна.
12 дугаар сарын 4-ний өдөр Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэг гүйцэтгэх юм.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нислэгийн бүртгэлийг халдвараас сэргийлэх зай барих дэглэмийг баримтлан шуурхай, зохион байгуулалт сайтай явж байна.
Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас 4 хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болох юм.
Өвлийн улиралд агаарын тээврээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд илүүтэй зорчдог бөгөөд ялангуяа алслагдсан аймгийн төв Өлгий, Улаангом, Ховд, Алтай, Улиастай чиглэлд тогтмол нислэгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.
Ойрын өдрүүдэд Ховд, Алтай, Улиастай, Өлгий, Мөрөнгийн чиглэлд тус бүр нислэг гүйцэтгэхээр төлөвлөж, зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Шадар сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.
Орон нутгийн агаарын тээврээр зорчих иргэд агаарын тээврийн “Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлж, гэрийн ойролцоох шинжилгээний байранд, эсвэл агаарын тээвэрлэгчээс зааж өгсөн газарт нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг www.119.mn хаягаар авах боломжтой.
Эх сурвалж: ЗТХЯ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.