Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хуралдааны үеэр Комиссын XV хуралдаанаас хойш хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилт, өндөр, дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцооны хэрэгжилтийг дүгнэж, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.
“Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэ агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулахаар Талууд тохиролцов.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулахын зэрэгцээ уул уурхайн бус салбар, түүний дотор хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг бүтээгдэхүүний худалдааг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэхээ талууд илэрхийлэв.
Хоёр улсын хоорондын барааны худалдаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих зорилгоор төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, төмөр замын Ханги-Мандал боомт нээх зэрэг асуудлаар санал солилцов.
БНХАУ-аас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
“Ковид 19” цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улс өндөр хариуцлагатай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээ шуурхай үр дүнтэй солилцсноор хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг цохон тэмдэглэж, халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр Хятадын ард түмний “Ковид 19” цар тахалтай хийж буй тэмцэлд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал хуралдааны үеэр мэдээлэв. Хуралдааны дүнгээр Протокол байгуулав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.