Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид сургалтад хамрагдлаа

2020-11-10 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох “Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл чанар, шүүхийн практик” сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд үргэлжилж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран тус сургалтыг энэ сарын 9, 10-нд зохион байгуулж байна. Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 81 шүүгч оролцож байгаа аж.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Л.Атарцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ сургалтын агуулгыг захиргааны хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шүүгчдийн сургалтын эрэлт, хэрэгцээний санал, шүүн таслах ажиллагааны тайланд үндэслэн тодорхойлсон гэдгийг онцлоод, сургалтад оролцогч нарт өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сургалтад идэвхтэй хамрагдахыг хүсэв.

Сургалтын эхний өдөр Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны гэрээний маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь “Зөрчлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх процесс”, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа “Татварын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар “Сонгуулийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ” зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.