Нийслэлд 90, орон нутагт 81 хүн согтуугаар жолоо барьж явжээ

2020-11-9 Мэдээ, мэдээлэл

Амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Гэмтсэн 13 хүний гурав нь хүүхэд байгаа бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой ослын талаар Тээврийн цагдаагийн алба “11 дүгээр сарын 7-ны 06:28 цагийн орчимд Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч нь замын хажуугийн хашлага мөргөж, зорчигч, 19 настай, эмэгтэйн амь нас хохирсон.

Мөн өдрийн 10:12 цагийн орчимд Хэнтий аймаг Батноров сумын нутагт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч, 34 настай, эрэгтэйн амь нас хохирсон ослууд гарсан.

Иймд жолооч нар өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв.

Өнгөрсөн хоёр өдөрт нийслэлд 90, орон нутагт 81 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ.

Явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.