НББХ-ны ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа

2020-11-5 Парламент

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.11.04/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.

Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлээд байна. Ажлын хэсгийн гишүүд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, шийдлүүдийг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа. Тухайлбал хөнгөлөлттэй эмийн программ, хэвтрийн хүнд хэрхэн хөнгөлөлттэй эм олгох, хөнгөлөлттэй эмийн талаарх мэдээллүүд, аптекуудын хаяг байрлал зэргийг асууж тодрууллаа.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргахдаа зонхилон тохиолддог 111 өвчнийг сонгож Олон Улсын эмнэл зүйн аргачлалыг баримталж тогтоосон, e-barimt-н дээрх үнэ дээр тулгуурлан эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. Одоогийн байдлаар 1053 эмийн сан гэрээ хийж, хөнгөлөлттэй эмийг олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 60%-иар нэмэгдсэн байна. Мөн хэвтрийн буюу хуруугаа уншуулж эмийн жороо бичүүлж чадахгүй байгаа 19,600 гаруй иргэдийн асуудлыг програмд урьдчилан оруулж зохицуулалт хийсэн талаараа ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд 3 хүртлэх эмээ эмийн сангуудаас авах боломжтой бөгөөд тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй байсан ч өөр, өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой. Цахим жорын хугацаа 7 хоног юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.