Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор “1000 инженер-ажлын байр 2020” өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж 2020 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 23, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцох юм. Япон Улсад суралцсан төгсөгчдийн хувьд Барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн байна.
Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Японы Улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох боломжтой байдаг.
Өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд /20 гаруй/ оролцож төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, сонгон хамтран ажиллах боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү өдөрлөгийг дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, өндөр хөгжилтэй оронд сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулах гэж байгаа бөгөөд төслийн хүрээнд суралцаж төгссөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлогтой гэж үзэж байна.
Тус өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.