Г.Нэргүй: Өнгөрсөн долоо хоногт хоёр хүн гал түймрийн улмаас амь насаа алдсан

2020-09-24 Мэдээ, мэдээлэл
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн долоон товчоонд НОБГ, ЦЕГ, Мал эмнэлэг, ТЦГ-ын нийт алба хаагчид 24 цагаар эргүүл хийж ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол нийслэлд бүртгэгдээгүй.

Нийслэлд галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн  дуудлага ихсэж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн.  Цахилгааны холболт буруу хийснээс болж гал гарах үндсэн нөхцөл шалтгаан болж байна. Мөн айлууд галлаад эхэлсэн учраас үнс нурмаа ил задгай хаях гэх мэт иргэдийн болгоомжгүй үйлдлээс гал түймэр их гарч байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хүн гал түймрийн улмаас амь насаа алдсан” гэв.

Мөн энэ үеэр гэр хорооллын иргэд галлагааны аюулгүй байдлын талаар “Тавантолгой” компанийхантай  холбогдон яндан зуухныхаа галлагааг хэрхэн хийх талаар зөвлөгөө авч болно гэдгийг онцлов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.