Хүүхдээ үрчлүүлэх зар тавьсан эмэгтэйн хэргийг шалгаад прокурорт танилцуулна

2020-09-17 Мэдээ, мэдээлэл

Цахим сүлжээнд “Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ” гэж хүүхдийнхээ зурагтай зар тавьсан эмэгтэйг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Тус эмэгтэй зар тавьсныхаа дараа буюу есдүгээр сарын 14-нд охиноо СХД-ийн иргэнд үрчлүүлсэн байна. Одоогоор охин шинэ эцэг эхтэйгээ амьдарч байгаа аж.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр эмэгтэй “Амьдралын боломж тааруу учраас хүүхдээ үрчлүүлсэн” хэмээн мэдүүлжээ. Харин үүнийг үнэн бодит эсэх, өөр ямар нэгэн шалтгаан байсан зэргийг шалгах явцад урьдчилсан байдлаар залуу гэр бүл амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан нь тогтоогдсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад “Хүүхдээ үрчлүүлэх зар тавьсан эмэгтэйг олсон. Мөн охиныг өргөж авсан хүмүүстэй ч холбоо барьсан. Одоо Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэхүү асуудлыг бид шалгаж тогтоогоод прокурорт танилцуулна. Прокурор хэрэг нээж шалгах эсэхийг шийднэ” гэсэн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.