НӨАТ-ын буцаан олголтын баримтаа долдугаар сарын 9-өөс өмнө бүртгүүлээрэй

2020-07-1 Мэдээ, мэдээлэл

2020 оны 2-р улирлын цахим төлбөрийн баримтаа 2020.07.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно.

ҮҮНД:
1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.