ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дундговь аймагт ажиллалаа

2020-07-1 Мэдээ, мэдээлэл

Ноосны гарцыг 90 хувьд хүргэнэ

“Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дундговь аймагт “Хонины ноосны чанарыг сайжруулах” олон улсын сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Алтайн уулсын оргил малчдын дундын хоршоо, Дундговь аймгийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагатай хамтран зохион байгууллаа. “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чанарыг сайжруулах зорилгоор “Хонины ноосны чанар сайжруулах, ноос хяргах ажлыг автоматжуулах, ангилан ялгах” олон улсын сургалтыг Ховд аймагт Алтайн Уулсын Оргил малчдын дундын хоршоотой хамтран зохион байгуулж сургагч багш нар бэлтгэсэн юм.

Энэ удаад олон улсын сургалтыг Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас болон үйлдвэрлэгчдээс тавьсан санал хүсэлтийн дагуу Сайнцагаан омгийн хонины ноосны бэлтгэлийн системийг сайжруулах зорилгоор Ховд болон Дундговь аймгийн сургагч багш нар удирдаж Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгаас ирсэн хоршооны гишүүд болох 40 хүнийг сургалтад хамрууллаа. Үнэ цэнэ шингээсэн ноос бэлтгэх гол алхам бол малаа сайн тордож ноосыг нь чанаржуулах, малаа угааж ноосыг нь хяргаж авах арга барил, ноосоо ангилан ялгаж боловсруулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх асуудлууд байдаг талаар сургагч багш нар хэлж байлаа. Ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг гол шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд байх, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх асуудал юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Австралийн сайн туршлагыг Пакистанд нэвтрүүлж, хонийг хяргахын өмнө угааж, ноос нь хатсаны дараа ноосыг нь гараар биш, машинаар хяргах аргыг нэвтрүүлжээ. Ингэснээр нэг хонин толгойгоос авах ноосны гарц 70% байсан бол 90%-д хүрч өссөн төдийгүй чанарын хувьд сайжирсан байна.

Тус сургалтаар Ховд аймгийн хоршооны туршлагыг нэвтрүүлэн олон улсын туршлагаас хуваалцаж гараар хайчлан хяргах болон машинаар хяргахын ялгааг харьцуулсан судалгааг хийлээ. “Хонины ноосны чанар сайжруулах, ноос хяргах ажлыг автоматжуулах, ангилан ялгах” олон улсын сургалтад оролцогсдод хандан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд ХХААХҮЯам манай улсын үнэт баялаг болсон жил бүр нөхөн төлжиж байдаг мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх талаар олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн ерөнхий урьдчилан сэргийлэх мал сүргийн эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, үхрийн арьсны гуурын боловсруулалт,угаалга, туулгалтын арга хэмжээг технологит хугацаанд нь улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээнд 12 аймгийн 12,4 сая толгой мал хамруулахаас 11, сая мал хамрагдаж 91,4 хувьтай, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаварын хэрэгжилт 92 хувьтай хэрэгжиж, улсын хэмжээнд 36,0 сая метр квадрат талбайд мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулаад байна.

Мал сүргийн эрүүл мэндийн үзлэг, үхрийн арьсны гуурын боловсруулалтын арга хэмжээ улсын хэмжээнд 20-32,5 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулагдаж, 7,8 дугаар сард мал сүргийн угаалгын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчнөөр тайван байна. Ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах энэ ажлыг бид үндэсний хэмжээнд өргөжүүлж ХХААГ-ууд болон бусад холбогдох талуудтай хамтран загвар нэгжүүдийг сонгон аймаг, сумдад хонины ноосны бэлтгэлийн суурин болон явуулын үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Ийм учраас 2020 онд Дундговь аймгийг түшиглэн ойр орчмын бусад аймгуудын залуучуудыг хамруулан энэхүү олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын онцлог нь хонийг машинаар хяргах, ноос ангилах, преслэхээс гадна мал эмнэлгийн үйлчилгээ, ялангуяа мал угаах ажлыг нэгэн зэрэг амжуулж байгаагаараа зардал хэмнэх, бүтээмж нэмэгдэх зэрэг давуу талтай. Ноосон түүхий эдийг хөдөлмөрийн бүтээмж өндөр, чанартайгаар бэлтгэж цаашид орон нутагтаа дэлгэрүүлснээр ажлын байр үүсэх, үндэсний үйлдвэрүүд, ҮТП-үүд чанартай түүхий эдээр хангагдаж ээрмэл утас, ноосон даавуу, хивс, сүлжмэл хувцас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.Арьс шир, ноос ноолууран түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол брэндийг олон улсын зах зээлд экспортолж 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим ажлын байр нэмэгдүүлэх “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж 2020 оны 7 дугаар сард эхний ноос угаах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Ховд аймагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна гээд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлж байгаад талархал илэрхийлж Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын энэ үед Монголын аж үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэхэд дотоодын болон олон улсын сайн туршлага, санаачлагуудыг туршиж хөгжүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжиж Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар – Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь мал аж ахуйн салбарт, ялангуяа нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос, ноолуур, мах, сүү үйлдвэрлэлийг хөгжүүлж хувийн хэвшлийн өрсөлдөх чадавхи, экспортыг нэмэгдүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдэнэ. Ингэхдээ олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан нэвтрүүлж технологи дамжуулах замаар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг экспортлоход хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.