МАХН 17-ны дотор нөхөн нэр дэвшигчээ тодруулах ёстой

2017-05-15 Нам хөдөлгөөний амьдрал

СЕХ өнгөрөгч амралтын өдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргав. Тус хорооноос гаргасан анхаарал татсан нэгэн шийдвэр бол МАХН-аас нэрийг нь дэвшүүлээд байсан Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 02-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон гэж үзжээ.

Мөн холбогдох хуульд тухайлбал, Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг байна. Гэтэл Н. Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлжээ.

Харин энэ зуур намын дэмжигчид тус хорооны байранд өдөржин бужигнаж, эсэргүүцэл үзүүлсэн боловч тусыг эс олов. Ийнхүү ямартай ч МАХН-ын нэр дэвшигчийг СЕХ бүртгэсэнгүй.

Тэгэхээр МАХН хуулийн дагуу энэ сарын 17-ны дотор өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй гэж үзвэл намууд нөхөн нэр дэвшүүлэх хугацааг дээрх байдлаар хуульд тусгасан байна.

 МАХН-ын дараагийн алхам юу байх бол:

Ямартай ч МАХН-ынханд дараагийн  нэр дэвшигчийг тодруулан бүртгэх эрх нь нээлттэй байгаа. Хэрвээ маргааш буюу энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд өргөн барихгүй бол сонгуульд оролцох эрх нь хаагдана.  Мөн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхгүйгээр МАН, АН-ын аль нэгийг сонгуульд дэмжин оролцох боломжтой.  Гэхдээ тус намаас нэр дэвших дараагийн хувилбарт Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун, МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, ХҮН-ын дарга С.Ганбаатар гэх нэрс хөвөрч байсан.
Гэхдээ МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжамъян “Н.Энхбаяр даргаас өөр дараагийн хувилбар  гэж байхгүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Юутай ч одоогийн байдлаар МАХН-ын холбогдох ажилтнаас энэ талаар асуухад “Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна. Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно” гэлээ.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.