Шинэ хууль мэндэллээ

2017-05-12 Парламент
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү шинэ хууль мэндэллээ.
Япон Улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг байна.  Харин  15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг, 5-10 хувь нь цуглуулж чадахгүй ил задгай хаягддаг байна. Үүнээс гадна хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа юм.
Өнөөгийн их хотын хэрэглэгчдийн “үйлдвэрлэж” буй хог хаягдал өмнөх жилүүдийнхээс  даруй гурав дахин нэмэгдсэн учраас  одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон байна.
Иймд аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулж өгчээ. Мөн хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд тусгажээ.  Ингэснээр хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан гэж гишүүд үзэж байна.
С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.