Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний Статистикийн хороонд Илгээлт явуулжээ

2020-06-16 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг амжилттай зохион байгуулж дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний Статистикийн хороонд Илгээлт явууллаа.

Тус Илгээлтэд “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого болон Байшин, орон сууцны 2019 оны тооллогод ажилласан 19 мянга гаруй ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Хүн ам, орон сууцны энэ удаагийн тооллогоор Монгол Улсын нийт хүн амын тоо, хүн амтай холбоотой нас хүйсийн бүтэц, өсөлт, шилжих хөдөлгөөн, боловсрол, ажил эрхлэлт зэрэг бүхий л үзүүлэлтээс гадна хүн амын амьдарч буй орон сууцны сан хөмрөг, хүчин чадал, хийц, ашиглалт, дэд бүтэц, төрөл, нөхцөлийн өнөөгийн байдлыг нарийн гаргажээ.

Өөрөөр хэлбэл, Та бид хэрэгжиж байгаа хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дүгнэх, цаашид тэдгээрийг улам бүр сайжруулахад нэн шаардлагатай, шинэчилсэн мэдээлэлтэй боллоо. Тиймээс үндэсний хэмжээний бодлого, төлөвлөлт, аливаа шийдвэрийн уг үндсийг Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн мэдээтэй холбон үндэслэж байхыг уриалга болгож байна” хэмээн онцолжээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна.

Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна.

Арав, түүнээс дээш насны хүн амын 95.1 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагджээ. Монгол Улсын 6 ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байна.

Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байна.

Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.