Улсын их хурлын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил өчигдрөөс эхэлжээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэний тооноос 5 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр саналын хуудас хэвлэх юм байна. Сонгогчийн саналын нууцлалыг хадгалах зорилгоор энэ удаагийн УИХ-ын сонгуульд саналын хуудасны хавтас ашиглахаар болж, хэвлэлтийг мөн эхлүүлжээ.
Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулахдаа тодорхой хугацааны өмнө аж ахуй нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлууд дээр тодорхой шалгуур тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгодог. Энэ дагуу ажлын хэсэг дүгнэлтээ хорооны хуралдаанд танилцуулж, “Монголын үнэт цаас хэвлэл” компани, “Таван богд менежмент” компаниудад саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчийн нэрийн жагсаалтад 2 132 239 сонгогч бүртгэгдсэн байгаад үндэслэн саналын хуудсыг дээрх тооноос таван хувийн илүү нөөцтэй хэвлүүлэх юм. Сонгуулийн үеэр сонгогчийн саналын нууцлалын асуудал байнга гардаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар саналын хуудсанд зориулсан хавтас ашиглахаар мөн хэвлэлтийн ажлыг эхлүүлжээ.
Санал авах байранд хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор камер байрлуулах юм байна. Камерыг санал авах бүхээгний эсрэг талд сонгогчийн саналыг нууцлал алдагдахгүй байх өнцөгт байрлуулна. Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглана. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудасны баррель хавтсыг хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх үйлдвэрт хэвлэхээр СЕХ, тус холбоотой гэрээ байгуулан ажиллаж байгаа гэлээ. Саналын хуудсыг энэ 7 хоногийн сүүлээр баруун аймгуудаас эхлэн хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.