Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн
10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож алсан/,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад /гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Л нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 45 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан байна.
Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу 3 настай Г.Г-н эсрэг байнга “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр,
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр,
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр,
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан.
Мөн уг гэр бүлийн хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож “тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэж түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.
Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байдаг, шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч н.М нь 8 сартай өөрийн хүүхэд мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.