Өмнөд Солонгосын 19 дэх Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын нэр дэвшигч Мүүн Жэй Ин сонгогдлоо. Хэдхэн цагийн өмнө 41,1 хувиар ялсан мэдээгээ сонссон 64 настай хуульч үдээс хойш гэхэд тангараг өргөж, ажилдаа шууд орно гэж мэдээлж байна. Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон өмнөх Ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулсан БНСУ ийнхүү шинэ төрийн тэргүүндээ сонгуулийн марафоноо өндөрлөөд ганц ч өдөр амсхийх зав чөлөө өгөлгүй ажилд нь оруулж байна. Өмнөд Солонгост 10 гаруй жил ноёрхсон консервативуудын засаглалыг эцэслэн гарч ирсэн Мүүн Жэй Ин либерал үзэл баримтлалаараа олонд танигдсан нэгэн. Хойд Солонгосын асуудлыг зөвхөн яриа хэлэлцээний замаар л шийдэх ёстой гэсэн байр суурьтай, АНУ, Хятадын санаачилгыг харж суулгүй БНСУ өөрөө дипломат арга замыг идэвхтэй эрэлхийлэх ёстой гэж үздэг түүний засаг барих ойрын жилүүдэд Пьеняны талаарх Сөүлийн бодлого нэлээд өөрчлөгдөнө гэж ажиглагчид таамаглаж байна. Ингээд БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мүүн Жэй Ин гэж хэн болохыг уншигчдадаа танилцуулъя.
Мүүний эцэг эх хойд нутгийн хүмүүс аж. Өөрөөр хэлбэл нутаг усаа хөөвөл БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Хойд Солонгосын гаралтай нэгэн аж. Дайны жилүүд буюу 1953 онд хорвоод мэндлэх үед нь Мүүний эцэг эх хойд нутгаасаа дүрвэж, өмнөдийн Коже аралд нүүж ирээд байжээ. Намтарт нь бичсэнээр бол Мүүний аав олзны цэргүүдийн хорих лагерьт ажиллаж, ээж нь Пусаны боомтод өндөг зардаг ядруухан амьдралтай айл байжээ. Мүүн Жэй Ин 1972 онд хуулийн сургуульд элсэн орсон боловч удаан сурч чадсангүй. Тэрээр Ерөнхийлөгч Пак Жөнхыйгийн дэглэмийн эсрэг жагсаал цуглаанд оролцож байгаад баривчлагдаж, шоронд хүртэл оржээ. Шоронд байхдаа хуулийн шалгалт өгч тэнцсэн Мүүн 1976 онд армид элсчээ. Үүнээс зургаан жилийн дараа тэрээр найз Но Му Хёнтой хамтран Пусанд хуулийн пүүс байгуулж хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлсэн байдаг. Тэр үед Мүүн Жэй Ин шүүх хуралдаа бэлтгээд хэдэн ч цагаар хамаагүй суудаг байсан нь заримдаа тэнэгдүү ч хүн шиг санагддаг байсныг хамт ажилладаг хүмүүс нь дурсдаг. Тэр ашиг хонжоо гэж мэдэхгүй, тусламж гуйж ирсэн хүний зовлонг сонсч, туслахад хэзээд бэлэн байсныг ойр дотныхон нь ярьдаг.
Бусдад туслах хуулийн ажлаа Но Му Хён түрүүлж орхижээ. Тэд 1987 онд хоёул ардчиллын төлөөх хөдөлгөөнд оролцсон боловч Но Му Хён түрүүлж улс төрд орж, харин Мүүн Жэй Ин хуульчийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр үлджээ. Харин 2003 онд Но Му Хён Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор найзыгаа өөрийн зөвлөхөөр томилсон аж. “Но даргын сүүдэр” хочтой явсан Мүүн Жэй Инд эхэндээ улс төрийн ертөнц танил дасал биш санагддаг байсныг тэрээр 2011 онд бичсэн номондоо дурссан байдаг. “Таараагүй хувцас өмссөн мэт тав тухгүй тэр ажлыг мөдхөн орхиод өөрийн байх ёстой газартаа буцаж, хуульчаараа ажиллана даа гэж боддог байлаа” хэмээн тэр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан жилүүдээ дурссан бол түүнийг хөндлөнгөөс харж байсан хүмүүсийн хувьд “маш бүрэг ичимхий”, “этгээд хачин ” хүн шиг санагддаг байжээ.
Хэрэв Ерөнхийлөгч агсан Но Му Хён авлигын хэрэгт холбогдож, амиа егүүтгээгүй бол Мүүн Жэй Ин өөрөө улс төрд орох тухай санах ч үгүй байсан байж мэднэ. 4,6 сая долларын авлига авахаар хүлээн зөвшөөрсөн гэдэг хэргээр прокурорууд хэрэг үүсгээд байх үед амиа егүүтгэсэн найзынх нь үхэл түүнд хүндээр тусч, Но Му Хён миний хувьд хэн байв, тэр миний амьдралыг яаж өөрчлөв гэж боддог болжээ. Ингэж бодож суухдаа найз нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн нэгэн учраас хувь заяагаар учирсан анд байж гэж бодох болж, өөрийн үзэл бодол, байр сууриар улс орноо удирдахад хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэх болсон байна. Ингээд Мүүн Жэй Ин 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд анх нэр дэвшсэн ч тун бага хувиар Пак Гын Хэд ялагдсан юм. Үүний дараа тэр парламентын сонгуульд өрсөлдөж Пусан нутгаа төлөөлсөн гишүүн болжээ.
Улс төрд орсноос хойш тэрээр улсынхаа эрх баригчдын Хойд Солонгосын талаарх бодлого, байр суурийг байнга шүүмжилсээр ирсэн байдаг. Үндэс угсаа нэгтэй хойд нутгийнхандаа хатуурхаж ирсэн консервативуудын бодлогыг өөрчилж, эв найрамдалтайгаар эвлэлдэн нэгдэх гарц бий гэж үздэг тэрээр хэзээ нэг өдөр эцэг эхийнхээ төрсөн нутаг, Хойд Солонгосын Хунгнамд очно гэж мөрөөддөг аж.
“Үндэсний ашиг сонирхол нэгдүгээрт” гэсэн байр сууриа эртнээс илэрхийлж байсан Мүүн Жэй Ин өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан номондоо “Өмнөд Солонгосчууд Америкт үгүй гэж хэлж сурах хэрэгтэй” хэмээн бичсэн байдаг. АНУ-ын БНСУ-д байрлуулахаар зэхэж буй пуужингаас хамгаалах THAAD системийн эсрэг үзэл байр суурьтай шинэ Ерөнхийлөгч гарч ирснээр Вашингтоны үнэнч холбоотон байсаар ирсэн Сөүлд бодлогын багагүй өөрчлөлт гарах нь дамжиггүй. Тэрээр улсынхаа өмнөх Ерөнхийлөгч нар шиг АНУ, Хятад гээд гадаад орнууд Хойд Солонгосын талаар юу хийхийг зүгээр харж суулгүй, Сөүл өөрсдөө идэвхтэй байж, гарал угсаа нэгтэй умардын ахан дүүстэйгээ нэгдэх арга замыг хайх ёстой гэж үздэг учраас Солонгосын хойгийн талаар сүүлийн үед эрс хатуу байр суурь баримтлах болсон Цагаан ордонтой зөрчилдөж ч мэдэх юм. Мөн улсынхаа эдийн засаг үлэмж нөлөөтэй гэр бүлийн томоохон корпорацуудад өөрчлөлт хийх бодлого ч түүнд бий аж. Өмнөд Солонгосчуудын хувьд бохир зүйлд нэр хутгалдаагүй, цэвэр, ёс суртахуунтай хүнийг энэ удаа Ерөнхийлөгчөөрөө сонгохыг хамгийн их хүсч хүлээж байсан бөгөөд хамгийн зөв сонголт нь Мүүн Жэй Ин гэж үзсэн нь энэ удаагийн сонгуулийн дүнгээс харагдлаа. Одоо харин тэрээр ард иргэдийнхээ итгэл найдварыг хэр хүлээсэн хүн болохоо харуулах л үлдэж байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.