ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

2020-05-6 Парламент

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 08 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Н.Учрал гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явууллаа. Тогтоолын төсөлд “2.4.21 Оюуны өмчийн хараат бус кодлогдсон технологийн дагуу бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, оюуны өмчийн зуучлан зөвлөх үйлчилгээ, арилжааг хөгжүүлнэ” гэж нэмэх, “2.4.9 Үндэсний иновацийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, иновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна”, “5.2.14 гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрлийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин төслийн “3.1.4 хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Ингээд Улсын Их Хурлыг тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсийг тус тус үндэслэн ажлын хэсгийг дараах есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар төсөлд тусгажээ. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус ажлын хэсэгт сонгон шалгаруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг даалгажээ.

Байнгын хорооны дарга хуульд заасан есөн байгууллагаас ирүүлсэн нэрсээр ажлын хэсгийг байгуулж буйгаа танилцуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилуулахаар төлөвлөн ажиллаж байгааг дурдсан.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.