Монголын хуульчдын холбоо хууль зөрчиж байгаа асуудлаар өнөөдөр/2020.05.04/хэсэг хуульчид мэдээлэл хийлээ. Мөн Хуульчдын холбоо жил болгон хуульчдын сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулж 200 мянган төгрөгийн сургалт семинар зохион байгуулж, мөн ном тестийн материалуудыг нь хүмүүс хүссэн хүсээгүй авч уншдаг, 2000 хүн шалгалт өгөөд л 50-60 л тэнцдэг. Хуульчдын холбоо хуулинд хяналт тавьж, хэрэгжүүлдэг байгууллага болохоос биш санхүү босгодог, нам, улс төрийн гишүүдийн нөлөөллөөр өмгөөлөгч, хуульчид, шүүгч нарт ёс зүйн хариуцлагыг буруугаар үүрүүлээд явж байна гэдэг хуулийн байгууллагын эрх зүйн хэм хэмжээг дордуулж байгаа үйлдэл.
Тэд “Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам батлах тухай 86-р тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэдэг лавлагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-нд Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн яамнаас авсан. Ийм бүртгэлгүй актаар 319 гаруй өмгөөлөгч, хуульч, прокуроруудын эрхийг түтгэлзүүлсэн, хууль бус үйл ажиллагаа явагдаад байна. Энэхүү акт нь яагаад хүчин төгөлдөр бус байна вэ гэхээр захиргааны ерөнхий хуулийн 67.1-т Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлэх ёстой гэж байгаа юм.
Гэвч 2014 оны Монголын хуульчдын холбоо өөрсдийнхөө актыг одоо болтол бүртгүүлээгүй байна. Мөн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж байгаа. Тэгэхээр огт хүчин төгөлдөр бус зүйлээр шүүгчид, прокурорууд, өмгөөлөгчдийн эрхийг түтгэлзүүлэх, эрхийг нь цуцлах, хүчингүй болгох ажиллагааг Монголын хуульчдын холбоо явуулаад байна. Иймээс бид энэхүү ажиллагааг зогсоохын тулд Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа. Удахгүй Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүснэ гэдэгт итгэлтэй байна гэв.