ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны (ОУМСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулууныг дөрөвдүгээр сарын 21-нд хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтаар академич С.Чулуун Монгол судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Гадаад харилцааны яамтай энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллаж буйдаа талархал илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын түүх, соёл, ёс зан заншил, өв уламжлал болон нийгэм-эдийн засгийн ололт амжилт, хөгжил дэвшлийг хилийн чанадад сурталчлах, гадаад сурталчилгаанд үндэсний нэгдсэн тогтолцоог бэхжүүлэн ажиллах нь чухал болохыг дурдан, ОУМСХ-оос ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан монгол өв” төсөл нь Монгол Улсын зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг болох төдийгүй залуу хойч үедээ Монголын түүх, өв соёлыг өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулж буйг сайшаан тэмдэглэв.
“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд нийт 20 боть ном монгол, англи хэлээр хэвлэгдэн гарч, дэлхий нийтийн хүртээл болох ба эдүгээ 4 боть ном уншигчдад хүрээд байна. Дараагийн хоёр боть номыг ГХЯ-ны дэмжлэгтэйгээр хэвлүүлэх хүсэлтэй байгаагаа академич С.Чулуун илэрхийлэв. ГХЯ энэхүү төслийг анхнаас нь дэмжин, хамтран ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дурдаад, хүсэлтийг хүлээн авч, цаашид ч дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.