“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр 3 чиглэлээр мэдээлэл хийв. Эхэнд нь иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар таницууллаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Ирэх тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н хувцаа эзэмшигч бүр ногдол ашиг авна. Үүний бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд иргэд компанийн байранд биеэр ирэх болон мэдээллийн төвд ихээр хандаж байгаа талаар тэрбээр онцолсон юм.
Энэ талаар М.Амарбаяр “Эрдэнэс Тавантолгой компани иргэддээ ирэх тавдугаар сараас ногдол ашиг тараана. Үүнтэй холбоотойгоор иргэд компанийн байранд ирж байна. Короавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийг аль болох гэрээсээ бүхий л үйлчилгээ авах боломжоор ханган ажиллаж байна. Энэ хүрээнд
Дээрх тусгай дугаар, пэйж хуудсанд хандаж мэдээлэл авах боломжоор хангасан. “1072 мэдээллийн төвд” өнгөрсөн 7 хоногт тусгай дугаарт 325 иргэн өөрийн биеэр ирсэн бол 4356 хүн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авсан. Мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор 29.000, 1800-1072 утсаар 70 шахам мянган иргэн холбогдож мэдээлэл авсан.
Иргэддээ хандаж хэлэхэд, заавал компанийн байранд ирэх шаардлагагүй. Эрсдэлтэй энэ цаг үед гэрээсээ бүхий л үйлчилгээг авах боломжоор хангасан гэдгийг дахин хэлье.
Дансаа нээлгэх үйлчилгээг ч мөн брокерийн компаниуд цахимаар олгож байна. Мөн зарим брокерийн компаниуд facebook-ээр харилцан данс нээж байгаа. ЕТТ аппликейшн ашиглан дансаа нээлгэх боломжтой. Эрдэнэс Тавантолгой компаниас 30 орчим брокерийн компанитай гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.
Хөрөнгийн биржийн мэдээллээр энэ жил 29 компани ногдол ашиг хуваарилна. Тухайлбал, АПУ 75 тэрбум, Мандал даатгал компани 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 1 их наяд төгрөгийг ногдол ашиг хуваарилахаар болоод байгаа юм. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжид очих нь 199.7 тэрбум төгрөг.
“Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
М.Амарбаярын хоёр дахь мэдээлэл нь компанийн үйл ажиллагаатай холбоотой байв. Түүний хэлж байгаагаар коронавирусийн халдвартай холбоотойгоор олон улс орон бэлэн байдал зарлаад байгаа. Ингэснээр бизнесийн нөхцөл байдал хязгаарлагдмал болсон. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ам 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгааг тэрбээр онцлов.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компани оны эхнээс гуравдугаар сарыг 29-ний өдрийг хүртэл 2.2 сая тонн нүүрс олборлосон байна. 2.1 сая тонн нүүрс ачсан. Өөрөөр хэлбэл, уурхайгаасаа ачсан гэсэн үг. Мөн 800 сая тонн нүүрс экспортлосон байна.
Гашуун сухайтын боомтоор нүүрс экспорт түр зогсоод энэ сарын 16-наас дахин үйл ажиллагаа эхэлсэн. Экспорт дахин эхэлсэнээс хойших хугацаанд 22.6 мянган тонн нүүрс экспортлоод байна.
Нүүрсний үнэ өнгөрсөн 10 дугаар сараас хойш уналттай байгаа. Ер нь таван сараас эхэлж унаад, Цагаан сарын дараагаас өсдөг циклээр явдаг байсан. Коронавирусийн тархалттай холбоотой уналт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэс Тавантолгой энэ бүхнийг урьдчилан таамаглаж, тооцоолж байсан эрсдлийн үнэлгээг гаргасан. Үүнтэй холбоотойгоор өгсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар уурхайн болон компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.
Гүтгэлэг, худал мэдээлэл хэрээс хэтэрч байна
Түүний удаах мэдээлэл нь сүүлийн үед гарах болсон сөрөг, ташаа мэдээлэлтэй холбоотой байлаа. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр хүндтэй холбоотой гарсан мэдээлэлд тэрбээр тайлбар хийсэн юм.
Өнгөрсөн 7 хоногт зарим цахим сайтуудад тус компанийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл гарсан нь тухайн тендерт оролцсон иргэн санаатайгаар төлбөр төлж дээрх мэдээллийг тараасан болох нь тодорхой болжээ. Иймээс тендер шалгаруулалтын дүн гараагүй байхад гүтгэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээсэн тухайн иргэн, аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсаныг мэдэгдлээ.
Энэ талаар М.Амарбаяр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд худалдан авах бүхий л үйл ажиллагаа, мөн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ авах ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, ШӨХТГ гээд хяналт тавьдаг бүхий л байгууллагатай хамтран ажилладаг. Энэ газруудын хяналт шалгалтын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Худалдан авалтын үйл ажиллагаа ил тод, хуулийн дагуу явагддаг” гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компаниас ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа ажилтан, албан хаагч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
Үндэсний аудитын газраас жил бүр хяналт хийдэг ажиллагаа явагдаж байгаа. Мөн дэлхийн олон улсад нэр хүндтэй адуитын байгууллагууд аудит хийдэг. Тогтмол хийгддэг учраас худалдан авах ажиллагаанд эргэлзэх шаардлага байхгүй гэлээ.
Харин компанийн зүгээс худалдан авах ажиллагаатай холбоотой иргэдээс гаргасан гомдол, дотоод хяналтын мэдээллээр хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах явдал байдаг аж. Энэ тохиолдлуудыг буруу зөрүү ойлгох явдал гарсан байж болохыг ч тэрбээр онцолсон.
Жишээ нь, уурхайн катерингтэй холбоотой мэдээллийг хэд хэдэн цахим сайтаар гаргасан байна. Энэ мэдээллийг иргэн С хэмээгч тараасан нь тодорхой болжээ. Энэ хүн нь өмнө нь катерингийн тендерт оролцсон компанийн захирал юм байна. Тухайн компани кейтингийн тендер олон удаа зарлагдаад уналаа гэсэн байдлаар үндэслэлгүй мэдээлэл гаргасан аж.
Энэ талаар М.Амарбаяр “Хэрэв тендерт оролцож байгаа компаниуд тухайн тендерт шалгуурлалтад заасан материалыг хуулийн дагуу хангаагүй бол шалгаруулна гэж байхгүй. Бүх зүйлийг хуулийн дагуу явагдана. Хэрэв бичиг баримт дутуу эсвэл шаардлага хангаагүй компанийг тендерт шалгуурлавал үнэлгээний хороо хариуцлага хүлээнэ. Иймээс бүх зүйл хуулийн дагуу явагдана” гэлээ.
Ийнхүү тендерт шалгаруулаагүйн төлөө худал ташаа мэдээлэл цацсан тул хуулийн байгууллагад ханджээ.
Мөн иргэн Мөнхбаяр 2 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендертэй холбоотой асуудлаар ярилцлага өгчээ. Тухайн иргэн нь мөн л тендерт оролцохоор материал өгөхдөө дутуу өгсөн гэх шалтгаанаар хасагдсан нэгэн байсан бөгөөд худал ташаа мэдээлэл тараасан аж. Тухайлбал, тендерийн материалыг Англи, Монголоор авчрах байтал Англи хувилбар байгаагүй. Төслийг хариуцаж ажиллах хүний сертификат 2013 онд дууссан зөрчилтэй байжээ. Иймээс худал ташаа мэдээлэл тараасан тул мөн хуулийн байгууллагад хандаж байгаа аж.
Харин 260 сая төгрөгөөр автобус худалдаж авч байгаа талаар тэрбээр ийм тайлбар хийлээ. “Эрдэнэс Тавантолгой компани 260 сая төгрөгөөр автобус худалдаж авах ажиллагаа 2018 оны 3 сард шийдвэрлэгдсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, өмнөх удирдлагуудын үед шийдэгдсэн. Гэхдээ өмнөх болон одоогийн удирдлагууд зах зээлээс хэт өндөр үнэтэй хэмээн үзэж шүүхийн байгууллагад хандсан байдаг. Нөгөө тал ч шүүхэд хандсан. Гэвч шүүхийн шийдвэр нөгөө компанийн талд гарсан. Гэсэн ч зах зээлээс өндөр үнэтэй автобусыг худалдаж авахгүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа” гэлээ
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.