Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн Даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдахдаа COVID-19 халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ.
Уг зөвлөмждөө дараах арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд:
НЭГ. 2020 онд шинээр эхлэхээр төлөвлөсөн үйлдвэрлэлийн бус хөрөнгө оруулалтыг, тодруулбал эхлээгүй, зураг төсөвгүй, тендерээ дүгнээгүй, тоног төхөөрөмж авах гэх мэт төслүүдийн хөрөнгө оруулалтыг зогсоож, дараа онд шилжүүлэх;
ХОЁР. Коронавирустэй холбогдсон зардал өсөх нь тодорхой учраас захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах:
Байрны засвар, гэрэл цахилгаан, тохижилт, сандал ширээ, бичиг цаас зэрэг тэргүүн ээлжийн бус зардлын төсвийг 30 хувиар бууруулах,
Энэ оныг дуустал элдэв хурал, зөвлөгөөн хийх, ой, баяр тэмдэглэх (Улсын баяраас бусад) сургалт, семинар зохиохыг хориглох,
Барих-шилжүүлэх концессын нөхцөлөөр 2020-2021 онд дуусах барилга байгууламжийн эргэн төлөлтөд төлөвлөсөн хөрөнгийг 2021-2022 он болгон хойшлуулах.
ГУРАВ. Энэ оны есдүгээр сарын 1-н хүртэл аливаа байгууллагын данснаас данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр элдэв суутгал, татан авалт, дайчлалт хийхгүй, данс хаахгүй байх;
ДӨРӨВ. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, нэн шаардлагатай бус төсвийн зардлыг эрүүл мэндийн салбарт чиглүүлэх, зардлыг оновчтой хуваарилах талаар арга хэмжээ авах;
ТАВ. Эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох;
ЗУРГАА. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх;
ДОЛОО. Зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн тасалдал үүсэхээс сэргийлж, зарим зохицуулалтын арга хэмжээг түдгэлзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
НАЙМ. Улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжүүлэх хэмээн тусгажээ.
Коронавирусийн хор уршгийг арилгахад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа мэдээ байна. Засгийн газрын нөөц хөрөнгөнд 2020 онд 25.0 тэрбум төгрөг төлөвлөжээ.
Эдгээрээс гадна төсвийн тодотгол хийхгүйгээр дараах арга хэмжээ авах саналуудыг гаргасан байна.
-Малаас гарах үндсэн түүхий эд болох 400 гаруй мянган тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос, 10 мянга орчим тонн ямааны ноолуур, 15-аас доошгүй сая ширхэг арьс, ширний нөөц байна. Эдгээрийг цуглуулж эргэлтэд оруулна гэвэл ойролцоогоор 3 их наяд гаруй төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар гарах юм. Эдгээрийг бэлтгэж, боловсруулж, экспортод гаргахад зориулж 500 орчим тэрбум төгрөгийн зээлд 5 хувь нэгж хүүгийн хөнгөлөлтийг улсаас олгохыг санал болгож байна.
Үүнд 25 орчим тэрбум төгрөг шаардагдана. Арилжааны банкууд Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран 13 хувийн хүү (бодлогын хүү 10 хувь, банкны зардлаа нөхөх хүү 3 хувь)- тэйгээр дурдсан зориулалтаар экспортлогч аж ахуйн нэгжид олгож, хэрэгжилтийг хангаж чадвал, үйлдвэрүүдэд зээлийн хүүний зөрүү 5 хувийг төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох хувилбар байж болох юм гэж үзэж байна.
-Төсвийн зардлын хэмнэлтээс 50-аас доошгүй тэрбум төгрөгийг гаргаж, ЖДҮ- ийн санд хуваарилах
-Дотоодын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, худалдан борлуулагчдыг хамруулсан, харилцан уялдуулсан сүлжээнд оролцогчдыг санхүүжүүлэх нэгдсэн механизмыг бий болгож, гадаад, дотоодын албан ёсны эх үүсвэр татах талаар хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх. Ялангуяа цахилгаан станц, төмөр замын төслүүдийг гадаадын албан ёсны эх үүсвэрийн санхүүжилтийн оролцоотойгоор өөрсдийн хүчээр гүйцэтгэх.
-Татварын 2019 оны шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдэд олгох болсон татварын болон бизнесийн олон төрлийн хөнгөлөлтийг (50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид орлогын 1 хувиар, 50-300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар татвар төлөх, мөн 500-аас дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийг 50 хувь, 1000 дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийн татварын 90 хувь хөнгөлөлт) эдлүүлэх ажлыг хөнгөвчилж аж ахуй эрхлэгчдийн мэдлэг мэдээлэлд хүргэх ажлыг далайцтай зохион байгуулах.
-Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-д арьс, шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хамруулах хугацааг хойшлуулах санал оруулж байна.
Сүүлийн жил гаруй хугацаанд мал аж ахуйн арьс, шир үнэ цэнэгүй болсон бөгөөд малчид, худалдаачид арьс, ширийг бэлтгэхэд туйлын хойрго хандаж зарим тохиолдолд их хэмжээний арьс хог хаягдал болж байна.
Нөгөө талаар энэхүү тогтоолд дурдсан чанарын тохируулгыг бүх арьсанд хийх хүчин чадал одоогоор бүрдээгүй байна. Ийм учраас дээрх хүчин чадал бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаанаар уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 41 буюу “Арьс, ширэн түүхий эд, боловсруулсан арьс шир, үслэг арьс болон тэдгээрээр хийсэн эдлэл; суран эдлэл болон тоног хэрэгсэл; аяны хэрэгсэл, эмэгтэй хүний цүнх болон түүнтэй төстэй уут сав; мал амьтны өлөн гэдсээр хийсэн зүйлс (төөлүүр хорхойн утаснаас бусад)” гэсэн хэсгийн хэрэгжилтийг 2023 оноос эхлэхээр өөрчлөлт оруулах.
-Төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг шууд дэмжиж, аливаа саад тотгорыг бүрэн арилгахыг санал болгож байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зарим заалтуудыг түр түдгэлзүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Тухайлбал дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрхийг элдэв тендер, шалгуур үзүүлэлтгүйгээр шууд олгож гэрээ хийдэг бүрэн эрхийг төсвийн болон төрийн өмчит бүх аж ахуйн нэгжид 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн туршилтын журмаар 2 жилийн хугацаанд олгож, тендерийн хуульд заасан холбогдох заалтуудын үйлчлэлийг түр зогсоох гэжээ.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.