Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай улсад коронавирус (covid-19)-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан өөрийн цахимд хуудсанд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Өнөөдөр орой 18.03 цагт коронавирусийн тав дахь тохиолдол гарлаа. Гурван сар салбарынхан маань төр засаг, түмэн олонтойгоо хамт халдварыг хориглож барьсан болохоор хэцүү бас гунигтай санагдана. Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн нь л дургүй хүргээд байгаа бололтой. Хэрэв тусгай үүргийн онгоц нисгээгүй бол гэсэн бодол зурвасхийн орж ирж амжиж байна. Гэхдээ энэ бодол хэрэв миний үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, эгч дүүс хоолны мөнгөгүй, буудлын зардалгүй хүний газар өвдөж шаналан байхад би онгоц битгий нисгэ гэж хэлж чадах болов уу хэмээн бодох сацуйд сарнин одлоо. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын иргэн гадаадад явах, суух, эх орондоо ирэх Үндсэн хуулийн эрхийг ч нэхэн саналаа. Маргааш Турк руу онгоц нисгэж дахин хэдэн монголчуудаа авчрах нь. Энэ онгоцоор хоёр нас ч хүрээгүй зүрх, тархины хавсарсан төрөлхийн хавдартай бяцхан хүү, хөгшин хөвөө, бие давхар гээд 250 иргэн маань эх орноо тэмцэн ирнэ. Зарим оронд манай оюутнуудыг байрнаас нь эелдгээр “хөөж” байгаа сураг байна. Тэднийгээ халдвар тархсан улс оронд хувь заяанд нь даатгаж хөсөр хая гэх хүн монголчуудын маань дунд тэгэх тусмаа эх хүн, эмэгтэй хүн үгүй буй за. Өнөөдөр “К” халдвар дэлхийн 164 оронд хэдийнээ тархжээ. 200-гаад мянган хүн өвчилж, долоон мянга гаруй нь хорвоог орхилоо. Бид халдвар оруулалгүй тэсэхийн дээдээр тэссэн. Тэгэх тусмаа ард иргэд маань ямар дэг журамтай, эмх цэгцтэй, нягт нямбай байв. Бүр цагаан сараа ч өнжсөн. Өнөөдөр амны хаалт зүүгээгүй хүн алга. Ундааны сав цуглуулж буй эр ч амны хаалттай явахыг харлаа. Гараа угааж, гадуур явах нь цөөрч. Ханиад томуу, халдварт өвчин ч хоёр, гурав дахин буурч байна.
Коронагийн халдварын сургаар соёлт ертөнц үймэрч германчууд ариун цэврийн цаасан дээр зодолдож, англичууд Харибо, шоколад хуу хамж байхад монголчууд мах, гурилаа базааж байх жишээтэй. Амьдралын ухаан биш гэж үү. Бид хүндрэлийг давж чаднаа. Төр засаг маань ч зоримог шийдэмгий тал талыг тооцон ажиллаж, тухайлбал эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч байна. Эрдэм боловсролтой элэг зөөлөн эмч, мэргэжилтнүүд маань та бүхэнтэйгээ хамт энэхүү аюулт өвчнийг эрсдэл багатай даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Д.Нацагдорж хамба тэргүүтэй уламжлалтынхан маань ч хамгийн хүндэрсэн хүнийг ч эмчлэхийн төлөө хамт карантилагдаад зүтгэнэ гэлээ. Манайхан Сарс, Мерс, Холер, Улаан бурхан гээд олон халдварт өвчний ард амжилттай гарч байсан түүхтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг хамгийн эрсдэлтэй орон гэж тооцож байсан ч түргэн шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллаж халдвараас сэргийлж байгаа загвар орон гэж үнэллээ. Бид коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс айж байсан. Гэвч тэр ирлээ. Гэхдээ бид хамтдаа хэн нэгнээ хаяж гээлгүй КОВИД19-ийг цурманд оруулж тархахаас сэргийлэх чадна. Харин энэ үйлсэд уужуу ухаант элэг нэгт ахан дүүс та бүхний маань эв санааны нэгдэл, хүчин чармайлт, тус дэм хоёр дахин хэрэгтэй болно. Бид дөрөв дахин хичээх болно. Бид хүнээ хаядаггүй Төрт улсын иргэд.” хэмээсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.