Иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг судлах ажлын баг байгуулна

2020-03-3 Парламент

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэн С.Шаарийбууг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяаг 2006 онд Малайзад хөнөөсөн хэргийг тус улсын хуулийн байгууллагууд одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснонтой зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын баг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг хүлээж авсан. Гэхдээ Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан. Монгол Улсын Их Хурал болон холбогдох байнгын хороод ажлын баг байгуулах, тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно” гэлээ.

Иргэн С.Шаарийбуу, “Хэргийн үйлдэгчид нь ил болсон. Харин хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэрэг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охин минь хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье” гэлээ.

Тэрбээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын баг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.